Хорин жилийн өмнөхтэй харьцуулахад Монголын тэрбумтнуудын тоо жилээс жилд нэмэгдэж байна. Захын нэг татварын байцаагчийн дансанд тэрбум, тэрбум төгрөг эргэлдэж, дундаж төвшнийхний тоо буурч харин баян, ядуугийн ялгаа нийгэмд улам л мэдрэгдсээр. Хоногийнхоо хоолыг арай ядан залгуулж, авсан цалингаа гэр бүлийнхээ хэрэгцээнд хүргэхийн тулд хуруу хумсаа хуйхлах хүмүүс ч цөөнгүй. Тэгвэл таван зуун саяын үнэтэй тав зургаан машин сольж унан, тансаг хаусыг гадаад, дотоодод худалдан авч байгаа тэрбумтан олширчээ. Уулын амыг устай, ойтой нь хашаад авчихсан, нийтийн баялгийг өөрийн хөрөнгө хэмээн өмчлөх болсон хүмүүс үр хүүхэддээ үүнийгээ өгнө гэж ирээд л сайрхах нь Монголд энэ төрлийн зохицуулалт, хууль эрх зүйн орчин үгүйлэгдэж байгаагийн нэг илрэл юм.
Энэ асуудлыг зохицуулах, эрх зүйн орчинг бүрдүүлэх хуулийн төсөл намрын чуулганаар хэлэлцэгдэхээр хүлээгдэж буй бөгөөд Өв залгамжлал, бэлэглэлийн албан татварын тухай хуулиар Монголын эдийн засагт олон өөрчлөлтийг хийхээр төлөвлөөд байгаа юм. Нийтийн өмчөөсөө 20 жилийн өмнөөс салж, өөрийн газар, хашаа байшин, орон сууц, унаа тэрэг, үйлдвэр худалдаатай болсон монголчууд өв, залгамжлалын асуудлыг зохицуулах хуулийг яаралтай батлах шаардлагатай байгаа нь бодит амьдрал дээр нотлогдож байна. Эцгийнхээ үлдээсэн өв, үл хөдлөх хөрөнгөөс болж ах дүүс, эгч дүүс хоорондоо тангараг тасарч, хэзээ ч эвлэрэх аргагүй ангал үүсэх болсон нь худлаа биш. Сангийн яамнаас боловсруулсан Өв залгамжлал, бэлэглэлийн албан татварын тухай хуулийн төсөл батлагдвал иргэний маргаантай хэргүүдийг хуулийн дагуу, эдийн засгийн аргаар шийдвэрлэх боломжтой болох юм. Нөгөө талаас Монголын үл хөдлөх хөрөнгийн зах зээл өрнөж байгаа худалдаа, найманы асуудлыг шийдвэрлэх хууль эрх зүйн орчин дутагдалтай байгаа нь ч харагддаг. Ах нь дүүдээ, дүү нь ахдаа байраа бэлэглэлийн гэрээгээр зарсан гэх шалтгаанаар татвараас бултах, үл хөдлөх хөрөнгийн наймаачдын орон сууцны үнийг хөөрөгддөг явдлыг хязгаарлахын тулд Өв залгамжлал, бэлэглэлийн албан татварын тухай хуулийг батлах шаардлагатай. Орон сууцны үнийн хөөсрөлийг бууруулахад уг хууль тодорхой хөшүүрэг болно гэж эдийн засагчид ч дүгнэж буй.
Энэ хуулийг УИХ-ын намрын чуулганаар хэлэлцэх үеэр гишүүд ямар нэгэн чагт тавьчихвий гэсэн эмзэглэл иргэдийн дунд байгаа юм. Үнэхээр ч манай парламентад суугаа нөхдүүдийн дийлэнх нь өвлүүлэх өвтэй, залгамжлуулах хөрөнгөтэй хүмүүс. Өөрөөр хэлбэл, Монголын парламентад 76 өв залгамжлуулагч сууж байгаа нь үнэн. Магадгүй тэдэнд хатуу хууль мэт санагдаж болох ч Монголын улстөрчдийн, тэр тусмаа УИХ-д суугаа хууль батлагчдын яаралтай хэлэлцэж шийдвэрлэх асуудал энэ яах аргагүй мөн. Нийгэм дэх баян ядуугийн зааг ялгааг хумиж, монголчуудад эрх тэгш бололцоог бүрдүүлэх боломж Өв залгамжлал, бэлэглэлийн албан татварын тухай хууль болоод байна.
Яг үнэндээ Монголын тэрбумтнуудын дийлэнх нь төрөөс төрсөн тэрбумтнууд. Харин нөгөө хэсэг нь байгалийн баялаг буюу нийтийн өмчийг ашиглан хөрөнгөжсөн тэрбумтнууд байдаг. Билл Гейтс, Стив Жобс зэрэг өөрийнхөө толгойгоор, хөдөлмөрөөр, шударгаар баяжсан дэлхийн олон тэрбумтан хүмүүс өв залгамжлалаас авах татварыг хүлээн зөвшөөрч ирсэн. Дэлхийн олон улс орнууд ийм төрлийн шударга татварт хөрөнгийнхөө 90 хувийг төлдөг тохиолдол бий. Монголд компанийн засаглал гэж байдаггүй. Аав нь компанийн үүсгэн байгуулагч, эхнэр нь захирал, бэр нь нягтлан бодогч, ах дүү хамаатан садан нь ажилчныг нь хийдэг энэ алиа явдлыг Монголын хувьцаат нэртэй олон компаниас харж болно.
Хуулийн төсөлд дурдсанаар өв залгамжилсан, бэлэглэсэн хөрөнгийн үнэлгээг өв залгамжлал болон бэлэглэлээр шилжүүлэн авсан тухайн үеийн зах зээлийн дундаж үнэлгээг өвлөгч болон бэлэг хүлээн авагч өөрөө тодорхойлох гэнэ. Хэрэвзээ зах зээлийн дундаж үнэлгээнээс хэт бага болон хэт өндөр үнэлэгдсэн гэж үзвэл татварын улсын байцаагч тухайн эд хөрөнгийг мэргэжлийн үнэлгээчний тусгай эрхтэй этгээдээр дахин үнэлүүлэх шийдвэр гаргах юм. Мөн өв залгамжлалын албан татвар ногдуулах үнэлгээг өвлөх хөрөнгийн нийт үнийн дүнгээс 100.0 сая төгрөгтэй тэнцэх хөрөнгийг хасч тооцох ажээ. Тэгвэл бэлэглэлийн албан татвар ногдуулах үнэлгээг бэлэг авсан хөрөнгийн нийт үнийн дүнгээс хөдөлмөрийн хөлсний доод хэмжээг 10 дахин нэмэгдүүлсэнтэй тэнцэх хөрөнгийг хасч тодорхойлохоор тусгасан байна.
Өв залгамжлалын албан татварын үнэлгээг дараах хүснэгтээс харна уу:
Албан татвар ногдуулах үнэлгээ | Татварын хувь |
100 000 001 –300 000 000 | 0.6хувь |
300 000001 – 600000000 | 1 200 000 300 000 001 үнэлгээний 5 |
600 000001–900 000000 | 25 000 000 600 000 001 үнэлгээний 8 |
900 000001 –дээш | 64 000 000 900 000 001 сая төгрөгөөс дээш давсан үнэлгээний 10 хувийг нэмнэ |
Бэлэглэлийн албан татварыг татвар ногдуулах үнэлгээнээс ингэж тооцно.
Татвар ногдуулах үнэлгээ | Татварын хувь, % |
Хөдөлмөрийн | 2 |
5000001-10000000 | 4 |
10000001-20000000 | 6 |
20000001-50000000 | 8 |
50000001, түүнээсдээш | 10 |
Харин дараах нөхцөлд албан татвараас чөлөөлөх юм байна. Засгийн газар, төрийн болон орон нутгийн өмчит хуулийн этгээдэд өвлүүлсэн болон бэлэглэсэн хөрөнгө, хөгжлийн бэрхшээлтэй иргэний нийгмийн хамгааллын тухай хуулийн гурав дугаар зүйлийн 3.1-д заасан иргэн, Нийгмийн даатгалын сангаас олгох тэтгэвэр, тэтгэмжийн тухай хуулийн 12 дугаар зүйлд заасан тэжээгчээ алдсан иргэдэд өвлүүлсэн хөрөнгө, гэр бүлийн тухай хуулийн 3.1.4-т заасан гэр бүлийн гишүүдийн хооронд бэлэглэсэн болон өвлүүлсэн хөдөлмөрийн хөлсний доод хэмжээг 30 дахин нэмэгдүүлсэнтэй тэнцэх төгрөгийн үнэ бүхий хөрөнгийг энэ албан татвараас чөлөөлөх юм байна.
Энэ албан татварын хуулийг батлах зорилго нь чиний аавын хөрөнгө чиний мөнгө бишээ гэдгийг шударгаар ойлгуулдах явдал гэж хэлж болох юм. Тиймээс манай парламентад суугаа 76 өв залгамжлуулагч Өв залгамжлал, бэлэглэлийн албан татварын тухай хуулийг өөрийнхөө төлөө чагтлах биш улс орны эдийн засаг, нийгмийн төлөө батлах хэрэгтэй гэдгээ ойлгоно гэж найднам.