
АНУ-ын Вашингтон хотод орших тэнгисийн цэргийн техник, тоног төхөөрөмж угсралтын баазад өчигдөр нэгэн цэрэг гал нээж, 12 хүний амийг хөнөөсөн байна. АНУ-ын тэнгисийн цэргийн албаныхны мэдээлснээр баазад гал нээж, олон хүний амийг хөнөөсөн халдлагыг 34 настай Аарон Алексис гэгч үйлдсэн бөгөөд тэрээр цагдаа нартай буудалцах үеэр амь үрэгджээ. Өөр нэг эх сурвалж “Reuters”-т мэдээлснээр Аарон Алексис сахилга зөрчсөн гэх олон төрлийн асуудлаас болж, тэнгисийн цэргээс халагдаад байсан ба өмнө нь галт зэвсэгтэй холбоотой хэргээр шийтгэгдэж байсан гэнэ. Тухайлбал, 2004 онд тэрээр Сийтл хотод барилгын ажилчны автомашины дугуй руу буудсан хэргээр баривчлагдаж байсан аж. Мөн 2010 онд Форт Ворт дахь амьдардаг байрныхаа тааз руу гал нээсний улмаас цагдаад байцагдаж байсан ба тэрээр үүнийг санамсаргүй гал нээсэн гэж мэдүүлжээ. Гэхдээ Аарон Алексис нь үндэсний батлан хамгаалахын болон терроризмтой тэмцэх дэлхийн дайны цэргийн одон медалиудаар шагнуулж байсан гавъяатай нэгэн гэнэ.
Аарон Алексис нь 2007-2011 оны хооронд тэнгисийн цэрэгт алба хааж байсан гуравдугаар зэргийн унтер офицер цолтой нэгэн байсны дээр Батлан хамгаалах яаманд мэдээллийн технологийн гэрээлэгчээр ажиллаж байжээ. Одоогоор түүний халдлага үйлдэх болсон шалтгаан тодорхойгүй байна.
АНУ-ын Ерөнхийлөгч Барак Обама энэ хэргийн улмаас амь үрэгдэгсдийн дурсгалыг хүндэтгэх үүднээс “Цагаан ордон”, “Капитол хилл” дээрх төрийн далбааг хагас бөхийлгөжээ.