
Өнгөрөгч дөрөвдүгээр сараас хүчин төгөлдөр хэрэгжиж эхэлсэн Хуульчийн эрх зүйн байдлын тухай хуулиар хуульчийн сонгон шалгаруулалт, хуульчийн эрх олгох, хуульч мэргэжилтэн бэлтгэх, нэр дэвшүүлэх томилох гээд бүх эрх мэдэл Хуульчдын холбоонд шилжүүлэхээр хуульчилсан. Энэ дагуу энэ сарын 6-8-нд төрийн ордонд хуралдсан хуульчдын анхдугаараа их хурлаас Монголын хуульдын холбоог байгуулан холбооны дүрмийг баталж, ерөнхийлөгчийг нь томилсон билээ. Мөн энэ их хурлаар хуульчдын мэргэжлийн үйл ажиллагаагаа явуулахдаа мөрдлөг болгож ажиллах ёстой Хуульчийн мэргэжлийн үйл ажиллагааны дүрмийг батлах ёстой байсан ч их хурлын төлөөлөгчдийн олонхийн саналаар хойшлуулсан билээ. Их хурлын гурав дахь өдрөөс хойш 30 хоногийн хугацаатай авсан завсарлагааны хугацаанд хуульчид уг дүрмийн төсөл дээр үргэлжлүүлэн ажиллахаар болсон. Үүнээс хойш арав хоног өнгөрөөд байна. Ирэх аравдугаар сарын 8-нд Хуульчдын холбооны анхдугаар их хурал үргэлжилж, хуульчийн мэргэжлийн дүрмийг хэлэлцэн батлах ёстой.
Шинэчлэлийн Засгийн газар байгуулагдсан цагаас эхлэн төрийн эрх мэдлийг аль болох багасгах, иргэд, олон нийтийн оролцоог бий болгох, аливаа мэргэжлийн стандарт шаардлагыг батлах, хэрэгжүүлэх ажлыг мэргэжлийн холбоодод нь шилжүүлэх асуудал Засгийн газрын нэг гол зорилт болон яригдсаар ирсэн. Харин анхны энэ шилжилт хууль зүйн салбарт хийгдлээ. Тиймээс анхдугаар их хурлын нээлт дээр Ерөнхийлөгч Ц.Элбэгдоржийн илгээлт ирүүлж, Хуульчдын холбоо төрийн зарим чиг үүргийг хуулийн дагуу шилжүүлэн авч буй нийтийн эрх зүйн хуулийн этгээд болохыг онцлоод “Шүүх эрх мэдлийг хариуцлагатай, харилцан хяналттай, тунгалаг байлгахын тулд Хуульчдын холбоо илүү их хариуцлагатай, ил тод, хүрээмжтэй, авлига, ашиг сонирхлын зөрчлөөс ангид ажиллах ёстой. Цаашид шинээр байгуулагдах олон зуун мэргэжлийн холбоодод зөв үлгэр дуурайл болох ёстой” гэдгийг сануулсан билээ. Тэдний араас багш нар, эмч нар, барилгынхан гээд мэргэжлийн олон холбоод байгуулагдаж, салбартаа тавигдах стандарт шаардлагаа өөрсдөө бий болгоод хяналтаа ч бас хэрэгжүүлээд явах ёстой.
Гэвч Хуульчдын холбоо байгуулагдсанаас хойших арав шахам хоногийн хугацаанд “Хуульчид энэ эрх мэдлээ жинхэнэ утгаар нь хэрэгжүүлж, хариуцлагатай байж чадах уу?” гэдэг асуулт олны анхаарлыг татаж эхэллээ. Өөрөөр хэлбэл, үүндээ тэр өөрсдөө хэр бэлтгэгдсэн бэ гэдэг асуулт.
Сануулахад хуульчдын холбооны анхдугаар их хурлын төлөөлөгчдийг энэ жил шинэчилсан бүртгэлд хамрагдаж, хуульчийн эрх авсан 4500 гаруй хуульчаас сонгож гаргасан. Ерөөсөө Монголын нийт хуульчид массаараа ямархуу үнэлэмжтэй, ямархуу чадамжтай бэ, нийгэмдээ ямархуу нэр хүндтэй байсан бэ, тэндээс л сонголт хийгдсэн гэсэн үг. Тиймээс их хурлын олон төлөөлөгчдийн амнаас “Хуульчдын холбоо хуульчдын эрх ашгийг хамгаалж чадах уу?”, “Хуульчдын мэргэжлийн дүрэм хуульчдаа чангалахад чиглэсэн юм биш үү?” гэдэг дургүйцэл унаж байсан. Өөрөөр хэлбэл, энэ холбоог нөгөө л нийгмийн нэг хэсэг бүлэг, тэр дундаа хуульч мэргэжилтнүүдийн эрх ашгийг хамгаалахад чиглэсэн сайн дурын байгууллага, сонирхлын бүлгийн хэмжээнд үнэлж цэгнэх нь олонхи байлаа.
Харин хуулийн нэрийн өмнөөс нийгэмд үйлчилдэг, хуулиар далайлган ажлаа явуулдаг хүмүүсийн хувьд энэ давуу байдлаа ашиглан бусдын эрх ашгийг хохироохгүй, нэр төрд халдахгүй байх, нийгэмдээ зөв үнэлэмжтэй байхын тулд яаж ажиллах ёстой вэ гэдэг талаар ярьж байгаа нь тун цөөхөн харагдсан. Мэргэжлийн дүрмийн төсөл дээр ажилласан ажлын хэсгийнхнийг эс тооцвол. Тиймдээ ч олонхийн саналаар Хуульчийн мэргэжлийн дүрмийн төслийн хэлэлцүүлгийг хойшлуулж, завсарлагааны хугацаанд дахин хэлэлцэхээр болсон билээ.
Уг дүрмийн төсөл бүхэлдээ АНУ, Япон, Герман гээд эрх зүйн шинэтгэлийн хувьд дэлхийд тэргүүлж яваа улс орнуудын одоо хэрэглэж байгаа зарчим, стандартуудыг мөрдөл болгож, тэдгээр улс орнуудын Баарын холбоодын дүрэмтэй нийцүүлэн хийсэн, Монголын хуульчид одоо ямар байгаа вэ гэдгээс илүүтэйгээр ямар байх нь зохистой, нийгэмдээ зөв үнэлэгдэж явах вэ гэдэг талаас нь харж хийсэн гэдгийг ажлын хэсгийнхэн хэлж байсан. Харамсалтай нь олонхи хуульчдын хувьд хуульчийн мэргэжлийн үйл ажиллагаа ямар түвшинд байх ёстой вэ гэдгийг ярихаас илүүтэйгээр одоо байгаа нөхцөл байдал, хуучин хандлагаасаа салах дургүй байгаа нь ажиглагдсан гэх үү дээ. Нэг хэсэг нь хуульчийн мэргэжлийн үйл ажиллагааг илүү өндөр түвшинд аваачих, мэргэжлийн ёс зүйтэй, хариуцлагатай болгох тухай ярихаар нөгөө хэсэг нь зөрүүлээд “тэгвэл бидний төлөө юу хийх юм, эрх ашгийг маань яаж хамгаалах юм” гэж яриад байдаг. Уг нь бол хуульчид энэ дүрмийг үйл ажиллагаандаа мөрдөл болгоод явчих юм бол мэргэжил болон ёс зүйн хувьд ямар ч алдаанд орохгүй, нийгмийнхээ өмнө буруугаар үнэлэгдэхгүй, олон нийтийн зүгээс ч үл итгэлцэл, хардлагад үүсэхгүй, үүгээрээ хуульчдыг өөрсдийг нь ч гэсэн хамгаалж байгаа юмаа гэдгийг ажлын хэсгийнхний зүгээс олонтаа тайлбарласан. Гэвч энэ шинэ хандлага хууль дүрэм болон хэрэгжих хүртлээ бас л удах бололтой. Учир нь ардчиллын хамгийн гол зарчим нь олонхийн санаа бодол шүү дээ. Олонхи нь юу хүсч байна, тэр л хууль болж гардаг. Энд сайн, муугийн тухай ойлголт байхгүй. Ардчилалд ч гэсэн сул тал бий гэдэг энэ.
Ямартай ч Монголын хуульчдын холбоо /MBA/ гэж мэргэжлийн өөрөө удирдах ёсны байгууллагыг бие даалгачихлаа. Одоо эрх мэдэлд тэдэнд шилжсэн. Холбоо хуульчдаа бэлтгэж /хуулийн сургуулиудын магадлан итгэмжлэлийг өөртөө авч, сургалтын хөтөлбөр агуулгад нь хүртэл хяналт тавих үүрэг хүлээсэн/, хэнийг хуульчаар ажиллуулах, ажиллуулахгүйг ч бас шийднэ. Тэр тусмаа хуульчид ямар дүрэм журмын дагуу ажиллаж, хэнд ямар хариуцлага тооцох, эсвэл хэнийг томилох, дэвшүүлэх тухай ч бас дотооддоо ярьдаг болно. Нэг үгээр хэлбэл, энэ байгууллагын дээр “хөх тэнгэр”-ээс өөр юмгүй боллоо. Харин тэр эрх мэдлийг авсан хүмүүс хэн байх, яаж ажиллахаас үлдсэн бүх зүйл шалтгаалах болчихоод байна.
Ялангуяа манай хуулийн байгууллагуудын дунд өмнө бий болоод байсан хуучин бүлэглэлүүд, албан тушаал, ашиг сонирхлын нэгдэл энд ноёлж, эрх мэдлийг хэрэгжүүлэх юм бол ямар ч шинэчлэл болохгүй. Эсрэгээрээ илүү муу үр дагаврыг ч авчирч мэднэ.