Г.Мандахнаран хүрэл медаль хүртлээ

Хуучирсан мэдээ: 2013.09.17-нд нийтлэгдсэн

Г.Мандахнаран хүрэл медаль хүртлээ

Унгарын нийслэл Будапешт хотноо өчигдөр эхэлсэн бөхийн чөлөөт барилдааны дэлхийн аварга шалгаруулах тэмцээний эхний өдөр Монголын баг тамирчид хүрэл медаль хүртэж, гараагаа амжилттай эхлүүллээ.

Тэмцээний хуваарь ёсоор эхний өдөр чөлөөт бөхийн эрэгтэйчүүдийн 55, 66, 96 кг-ын жингийн барилдаан болж, 66 кг-д зодоглосон ОУХМ Г.Мандахнаран хүрэл медалийн эзэн боллоо. Тэрбээр эхний тойрогт хийлж, хоёрдугаар тойрогт Украины Семён Радуловыг, улмаар Унгар, Грекийн бөхчүүдийг илт давуу ялж, хагас шигшээд олимп, дэлхийн дэвжээнээс медаль хүртэж байсан Кубын бөх Ливан Лопезод техникийн оноогоор ялагджээ. Ингээд хүрэл медалийн төлөө БНАСАУ-ын бөх Кан Жин Хьёктой барилдаж, 3:1 харьцаатай ялснаар медалийн тавцанд гарсан байна. Монголын чөлөөт бөхийн эрэгтэйчүүдийн хувьд ДАШТ-нд үзүүлсэн сүүлийн амжилтууд гэвэл 2001, 2002 онд Гавьяат тамирчин О.Пүрэвбаатар мөнгөн медаль хүртсэн бол Гавьяат тамирчин Б.Наранбаатар 2005 онд хүрэл, 2007 онд мөнгөн медаль хүртэж байсан юм. Ийнхүү зургаан жил тасраад байсан амжилтыг Г.Мандахнаран үргэлжлүүлж, ДАШТ-ээс хүрэл медаль хүртлээ. Сүүлийн жилүүдэд олонтаа шүүмжлэл хүртэж байсан чөлөөт бөхийн эрэгтэйчүүдийн хувьд сэргэлт авчирсан энэ амжилт шигшээ багийн шинэ дасгалжуулагчид гар нийлж ажилласны үр дүн юм. Өдгөө ССАЖЯ-ны харьяа Спортын бэлтгэлийн төвийг удирдаж байгаа Гавьяат тамирчин Б.Наранбаатар ч өөрөө чөлөөт бөхийн тамирчин учир шигшээ баг, шинэ хамт олонтойгоо сайн ажиллаж чаджээ.

Будапештийн дэвжээ монголчуудад ээлтэй. Унгарт болсон ДАШТ-ээс 1985 онд 62 кг-ын жинд А.Энхээ, 68 кг-ын
жинд Б.Болд мөнгө, 74 кг-ын жинд Лу.Энхбаяр хүрэл, 1986 онд А.Энхээ
хүрэл медаль хүртэж байсан бол 2005 онд Б.Наранбаатар хүрэл медалийн эзэн болж байсан юм.

Мөн өчигдөр дэлхийн аваргын дэвжээнд гарч барилдсан ОУХМ Э.Бэхбаяр 55 кг-ын жинд эхний тойрогт хийлж, улмаар Азербайжан, Венесуэлийн бөхчүүдийг ялсан ч дөрөвний нэг шигшээд Туркийн бөхөд дийлдсэн. Харамсалтай нь, манай бөхийг ялсан Туркийн тамирчин дараагийн барилдаандаа Энэтхэгийн бөхөд ялагдсан тул Э.Бэхбаяр торгуулийн барилдаанд зодоглох боломжгүй болсон юм. Харин 96 кг-ын жинд барилдсан ОУХМ Э.Хүдэрбулгын хувьд эхний тойргийн барилдааныг өнжиж, хоёрдугаар тойрогт Казахстаны бөх Таймураз Тигиевт ялагдсанаар дэлхийн аварга шалгаруулах тэмцээнийг орхисон байна.

Хуваарь ёсоор өнөөдөр чөлөөт бөхийн эрэгтэйчүүдийн 60, 84 ба 120 кг-ын жингийн барилдаан болно. Эдгээр жинд Э.Ням-Очир /60 кг/, О.Үйтүмэн /84 кг/, Ж.Чулуунбат /120 кг/ нар хүч сорих юм.

БӨХИЙН ЧӨЛӨӨТ БАРИЛДААНЫ ДАШТ-ЭЭС МЕДАЛЬ ХҮРТСЭН МОНГОЛЫН ТАМИРЧИД

Өчигдөр болсон тэмцээний эхний өдрийн барилдаанд 66 кг-ын жинд
өрсөлдсөн Г.Мандахнаран хүрэл медаль хүртсэнээр Монголын чөлөөт бөхийн
тамирчид Дэлхийн аваргын дэвжээнээс 40 дэх медалиа өвөртлөөд байна.
Монголын тамирчид ДАШТ-д өрсөлдсөн цагаасаа өнөөдрийг хүртэл дөрвөн алт,
15 мөнгө, 21 хүрэл, нийт 40 медальтантай болжээ.

Дэлхийн аваргын медальтнуудыг танилцуулъя.  

Алтан медальтнууд:

1.Зэвэгийн Ойдов (1974 он, Стамбул, Турк) – 62 кг
2.Зэвэгийн Ойдов (1975 он, Минск, ЗХУ) – 62 кг
3.Хорлоогийн Баянмөнх (1975 он, Минск, ЗХУ) – 100 кг
4.Соронзонболдын Батцэцэг (2010 он, Москва, ОХУ) – эм: 59 кг

Мөнгөн медальтнууд:

1.Базаррагчаагийн Жамсран (1971 он, Софи, Болгар) – 48 кг
2. Хорлоогийн Баянмөнх (1971 он, Софи, Болгар) – 100 кг
3.Мэгдийн Хойлогдорж (1973 он, Тегеран, Иран) – 57 кг
4.Хорлоогийн Баянмөнх (1974 он, Стамбул, Турк) – 100 кг
5.Цэдэндамбын Нацагдорж (1975 он, Минск, ЗХУ) – 68 кг
6.Буяндэлгэрийн Болд (1983 он, Киев, ЗХУ) – 68 кг
7.Зэвэгийн Дүвчин (1983 он, Киев, ЗХУ) – 82 кг
8.Авирмэдийн Энхээ (1985 он, Будапешт, Унгар) – 62 кг
9.Буяндэлгэрийн Болд (1985 он, Будапешт, Унгар) – 68 кг
10. Оюунбилэгийн Пүрэвбаатар (2001 он, Софи, Болгар) – 58 кг
11.Оюунбилэгийн Пүрэвбаатар (2002 он, Тегеран, Иран) – 60 кг
12.Баяраагийн Наранбаатар (2007 он, Баку, Азербайжан) – 55 кг
13. Очирбатын Бурмаа (2009 он, Хернинг, Дани)  эм: 72 кг  
14. Д.Отгонцэцэг (2011 он, Турк. Стамбул)  эм: 51 кг
15. Б.Оюунсүрэн  (2011 он, Турк. Стамбул) эм: 67 кг

Хүрэл медальтнууд:

1.Жигжидийн Мөнхбат (1967 он, Дели, Энэтхэг) – 87 кг
2.Данзандаржаагийн Сэрээтэр (1970 он, Эдмонтон, Канад) – 74 кг
3.Мэгдийн Хойлогдорж (1971 он, Софи, Болгар) – 57 кг
4.Очирдолгорын Энхтайван (1973 он, Тегеран, Иран) – 48 кг
5.Цэдэндамбын Нацагдорж (1974 он, Стамбул, Турк) – 68 кг
6.Зэвэгийн Ойдов (1977 он, Лозанна, Швейцарь) – 68 кг
7.Дугарсүрэнгийн Оюунболд (1978 он, Мехико, Мексик) – 57 кг
8.Нанзадын Бүргэдаа (1979 он, Скопье, Югослав) – 52 кг
9.Лувсангийн Энхбаяр (1985 он, Будапешт, Унгар) – 74 кг
10.Авирмэдийн Энхээ (1986 он, Будапешт, Унгар) – 62 кг
11.Лодойн Эрхбаяр (1989 он, Мартини, Швейцарь) – 74 кг
12.Пунцагийн Сүхбат (1990 он, Токио, Япон) – 82 кг
13.Цэрэнбаатарын Цогтбаяр (1993 он, Торонто, Канад) – 57 кг
14.Баяраагийн Наранбаатар (2005 он, Будапешт, Унгар) – 55 кг
15.Цогтбазарын Энхжаргал (2005 он, Будапешт, Унгар) – эм: 48 кг
16. Доржийн Нармандах (2007 он, Баку, Азербайжан) – эм: 59 кг
17. Очирбатын Насанбурмаа (2008 он, Токио, Япон) – эм: 67 кг
18. Б.Одончимэг (2009 он, Хернинг, Дани)  эм: 67 кг
19. О.Насанбурмаа (2011  он. Турк. Стамбул) эм: 63 кг
20.Т.Мөнхтуяа (2012  он. Канад, Страткона) эм: 59 кг

/Дэлхийн
аварга шалгаруулах тэмцээн нь олимпийн жил зохиогддоггүй ч 2012 оны
зуны олимпод ФИЛА-гийн эмэгтэй чөлөөт бөхийн 7 жингийн 4 нь багтсан тул
зөвхөн эмэгтэй чөлөөт бөхөөр дэлхийн аварга шалгаруулсан юм
/

21. Г.Мандахнаран (2013 Унгар, Будапешт) 66 кг

С.ЦЭЛМЭГ

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж