“Намрын ногоон өдрүүд” үзэсгэлэн гаргана

Хуучирсан мэдээ: 2013.09.16-нд нийтлэгдсэн

“Намрын ногоон өдрүүд” үзэсгэлэн гаргана

Эх орны хөрсөнд тарьж ургуулсан шинэ ургацын жимс, ногоо, хүнсний бүтээгдэхүүний дээжийг хямд үнээр хэрэглэгчдэд хүргэх, хүн амыг аюулгүй хүнсээр хангах зорилгоор “Намрын ногоон өдрүүд” арга хэмжээг Монгол Улсын Засгийн газраас зохион байгуулаад найман жилийг үджээ. Энэ жилийн “Намрын ногоон өдрүүд-2013” арга хэмжээ есдүгээр сарын 18-24-ний өдрүүдэд болох бөгөөд арга хэмжээ гурван үндсэн хэсгээс бүтэх юм байна. Тухайлбал,

– “Эрүүл хүнс-2013” хүнсний бүтээгдэхүүний үзэсгэлэн худалдаа есдүгээр сарын 18-24-нд “Дүнжингарав” худалдааны төвийн В2 танхимд,

-“Алтан намар”-2013” шинэ ургацын баяр есдүгээр сарын 5-наас 10 дугаар сарын 15-нд “Дүнжинагарав” худалдааны төвийн баруун талын гадна талбайд,

-“Шилмэл мал-2013” үзэсгэлэн худалдаа есдүгээр сарын 18-22-ны өдрүүдэд Хүй долоон худагт болох ажээ.

– “Эрүүл хүнс-2013” хүнсний бүтээгдэхүүний үзэсгэлэн худалдаанд аймаг орон нутаг, нийслэлээс нийт 100 гаруй аж ахуйн нэгж, Алтан намар”-2013” шинэ ургацын баяр, үзэсгэлэн худалдаанд нийт 16 аймгийн зургаан аж ахуйн нэгж, 20 гаруй хоршоо 200 гаруй ногоочид, газар тариалангийн салбарт хэрэгжиж буй 10-аад төсөл, хөтөлбөрүүд хэрэгжүүлэгч төлөөлөл оролцох юм байна.

 Энэ удаад тариаланчдыг хувь, хувиараа гэдгээр биш, 10 орчим хүнээс бүрдсэн хоршоо нэрийн дор оролцуулж байна. Энэ нь худалдаа явуулах тариаланчдын хэд хэдээрээ нийлж нийслэл рүү хүнсний бүтээгдэхүүнээ тээвэрлэх, энд ирээд хадгалж, худалдан борлуулахад амар, хялбар, зохион байгуулалттай болгодог ажээ.

Мал, гэрийн тэжээвэр амьтдын үзэсгэлэн болно

Ийнхүү нийслэлчүүдийн жилийн туршид хэрэглэх хүнсний бүтээгдэхүүнийг нэг дороос нийлүүлэх зорилготой арга хэмжээ энэ жил нэг онцлогтой. Монгол хөдөө аж ахуйн эх орон гэдгээрээ мал аж ахуйг улам хөгжүүлэх шаардлагатай учраас жилдээ нэг удаа албан ёсоор мал аж ахуйн “Шилмэл мал”үзэсгэлэн худалдааг Хүй долоон худагт хийж байхаар боллоо. Тэнд мал үржүүлэх баталгаажсан 40 гаруй үүлдэр, омгийн мал, нийгэм, эдийн засгийн эрэлт, хэрэгцээгээр гадаадаас импортлон цэврээр болон эрлийзжүүлэн үржүүлдэг 20 гаруй үүлдрийн гойд ашиг шимт үржлийн малын үзэсгэлэн, гахай, шувуу, нохой гэх мэт гэрийн тэжээвэр амтдын үзэсгэлэн, үржлийн малын үнэ хаялцуулах дуудлага худалдаа, мал аж ахуйн тоног хэрэгсэл, ном, товхимолын үзэсгэлэн, малын тэжээл эм, үйлдвэрлэлийг сонирхуулж, худалдах ажээ. Түүнчлэн худалдаа эрхлэгчдийн өдөрлөг, жороо морины үзүүлбэр, тойргийн уралдаан, Монголын нохой судлалын холбооны улсын хэмжээний “Dog show-IV” үзэсгэлэн болох нь.

Энэ жил “Шилмэл мал” үзэсгэлэнг хотын төвөөс зайдуу Хүй долоон худагт хийж байгаа болохоор үзэсгэлэнг зорих хүмүүст зориулж Нийтийн тээврийн газар тусгай маршрут гаргасан байна. Тодруулбал,  “Дүнжингарав” худалдааны төвөөс Хүй долоон худагийн чиглэлд есдүгээр сарын 20-22 өдрүүдэд 09.00-18.00 баг хүртэл нэг цагийн завсартайгаар нийтийн тээврийн автобус үйлчлэхээр болжээ.

У.БОЛОР

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж