Кесоны аж үйлдвэрийн цогцолборыг нээв

Хуучирсан мэдээ: 2013.09.16-нд нийтлэгдсэн

Кесоны аж үйлдвэрийн цогцолборыг нээв

Хоёр Солонгосын албаныхан Кесон дахь аж үйлдвэрийн цогцолборыг өнөөдөр дахин нээхээр зөвшилцсөний дагуу Өмнөд Солонгосын ажилчид Кесон руу нэвтэрч эхэлсэн байна. Өмнөд Солонгосын Хөдөлмөрийн сайдын мэдээлснээр Кесоныг нээснээр тус улсын 120 компанийн нийт 820 ажилчин аж үйлдвэрийн цогцолбор руу нэвтэрч, үйлдвэрүүдийн байр байдалтай танилцаж, бүтээгдэхүүн үйлдвэрлэх үйл ажиллагааг яаралтай эхлүүлэхэд бэлэн эсэхийг судалж дүгнэх гэнэ. Харин Хойд Солонгосын талаас Кесон дахь аж үйлдвэрийн цогцолборт ажилладаг 50 мянга гаруй иргэн дахин ажилдаа орж, аж амьдралаа залгуулах болсон байна.

Өмнөд болон Хойд Солонгосын албаныхан бараг сарын хугацаанд Кесон дахь аж үйлдвэрийн цогцолборыг нээж, дахин үйл ажиллагаа явуулах асуудлыг хэлэлцсэний эцэст өнөөдөр албан ёсоор нээхээр тохиролцсон билээ. Хэлэлцээрийн явцад Өмнөдийн талаас Хойд Солонгосын албаныханд дахин улстөрийн шалтгаанаар Кесон дахь хамтарсан аж үйлдвэрийн цогцолборыг хаахгүй байх шаардлагыг эн тэргүүнд тавьсан юм. Учир нь Хойд Солонгосын талаас дур мэдэн Кесоныг хааснаас болж, тэнд үйл ажиллагаа явуулж байсан Өмнөдийн компаниуд их хохирол амсч, үүнийхээ нөхөн олговорыг төрөөс нэхсэн аж. Түүчнлэн Өмнөд Солонгосын компаниуд Кесон дахь аж үйлдвэрийн цогцолбор дахин үйл ажиллагаагаа явуулж эхэлснээс хойшхи жилийн үлдсэн хугацаанд татварын хөнгөлөлт зэрэг хөнгөлөлт, урамшуулал эдлэхээр болжээ.

Хойд Солонгос өнгөрсөн арванхоёрдугаар сард пуужин хөөргөж, дэлхий дахиныг цочроож, дараа нь хоёрдугаар сард цөмийн туршилт хийснээс НҮБ-ын хориг арга хэмжээтэй тулгарсан юм. Үүнтэй зэрэгцэн өнгөрсөн гуравдугаар сард АНУ, БНСУ-ын хамтарсан цэргийн сургуулилт эхэлснээр БНАСАУ Солонгосын хойгт дайны нөхцөл байдал тогтоон, Йонбён дахь цөмийн реактороо ажиллуулж, Кесоны аж үйлдвэрийн цогцолборыг хаасан билээ. Ийнхүү хоёр Солонгосын эв найрамдлын бэлэг тэмдэг Кесон дахь хамтарсан аж үйлдвэрийн цогцолбор 2003 онд үйл ажиллагаа явуулж эхэлснээсээ хойш анх удаагаа хаалгаа барьсан юм.

Б.АНХТУЯА

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж