Бид ийм болохоороо л ядуу

Хуучирсан мэдээ: 2013.09.16-нд нийтлэгдсэн

Бид ийм болохоороо л ядуу

Буун дуу гарчээ. Торгон хилийн зааг дээр биш Төрийн ордны дэргэд буун дуу гарсан нь түмний сэтгэлийг хиртхийлгэв. “Гал үндэстэн” холбооны тэргүүн Ц.Мөнхбаяр Төрийн ордон руу буудаж, УИХ-ын ээлжит бус хуралдаанаар урт нэртэй хуулийг дагаж мөрдөх зарим журмыг өөрчлөх хуулийн төслийг хэлэлцэж буйг эсэргүүцэн ийнхүү бухимдлаа илэрхийлж.  Түүний эл үйлдээс болоод  Төрийн ордонд хөл хорио тогтоожээ.   Урт нэртэй хуулийг өөрчлөхийн эсрэг жагссан нөхдүүдээс хоёр ч буу хурааж авсан гэх мэдээллээс харахад  тэд бүр зэвсэгт тэмцэл хийхийг хүсч байсан биш байгаа гэх хардлага ч төрж байна. Тэдний тавьсан тэнэсэн суманд хэн нэгэн өртсөн бол яах вэ. Өмнө нь тэд Төрийн ордон руу нум сум харваж байсан.  Өнөөдөр тэгвэл гар буу. Дараагийнх нь юу байх бол гэхээс аймаар,  ар нуруу руу хүйт даах шиг.

Хүн болгонд таалагддаг хууль гэж байдаггүй. Харин хуулийг хэрэгжүүлэх нь хүмүүсийн хүлээх үүрэг. Гэхдээ  хуулийн алдаанаас болж хэн нэгэн, тэр тусмаа улс орны эдийн засаг хэлмэгдэнэ гэдэг  энэ цаг үед байж боломгүй асуудал юм. Тиймээс дутуу дулимаг хуулиудаа өөрчлөх, эргэн харах  нь Монгол төрийн нэг бодлого байх ёстой .  Жилдээ 3-4 тэрбум ам.долларын хөрөнгө оруулалт хийдэг байсан гадаадын шууд хөрөнгө оруулалт 43 хувиар буурснаас болж валютын ханш өмнөх долоо хоногийн амралтын өдрүүдэд  хар зах дээр 1790 төгрөгт хүрсэн. Парламентад  багтсан популистуудын баталсан хуулиас болж Монгол руу цутгах гадаад валютын урсгал татарсны сөрөг үр дагавар нь ам.долларын өсөлтөөр илэрч буй.  Тооцоо, судалгаагүй хууль батлах нь эдийн засагт эрсдэлтэй, эргээд хүн амынхаа амьдрал, улс оронд ямар хортой болохыг улстөрчид бага сага ухаарч авсан биз. 

Жилдээ 25 тонн алт Монголбанкинд тушаадаг байсан алтны компаниудын үйл ажиллагааг зогсоосноос болоод төв банкны  Эрдэнэсийн санд  дөнгөн данган  гуравхан тонн алт хадгалагдаж байна.  Энэ нь буу шийдэм агсч, морь унаж давхисан 13 дугаар зууны сэтгэлгээнээсээ халиагүй алиа салбадайнуудын “ач гавъяа”.  Энэ өнцөгөөс нь дүгнэвэл эдийн засгийн алуурчид нь гадаадынхан биш, харин  хөрөнгө оруулагчдыг айлгаж, дарамталж, сүрдүүлж мөнгө олдог, түүгээрээ амьжиргаагаа залгуулдаг манай үндэсний баатрууд юм биш үү.   Үндэсний баатруудад үнэндээ эдийн засаг хямарна уу байна уу хамаагүй бололтой юм. Эх орон, газар шорооны нэрээр хэд гурван төгрөг олж халааслах нь хэн нэгэнд хэрэгтэй л байдаг  биз. Гэлээ гээд тэдний утга учигүй тэмцлийн золиос нь энгийн иргэд байх ёсгүй.  Тогтсон ажилгүй, хийсэн юмгүй  “Гал үндэстэн” холбооныхон гайгүй амьдраад байдаг учир шалтгаан нь ч үүнтэй холбоотой байхыг үгүйсгэх аргагүй.

УИХ-ын ээлжит бус чуулганаар урт нэртэй хуулийг хэлэлцэж байгаа гол зорилго нь  хуулийг эргүүлэн татах бус, зарим заалтуудад өөрчлөлт оруулах явдал гэдгийг дунд сургуулийн боловсролтой хэн ч гэсэн уншаад ухаад ойлгочих  байсан биз. Даанч  нум сум агсч, барын базалт, муурын самардалтаар дэлхийг эзэлнэ гэж эндүүрдэг “эх орон”-чдод  энэ хуулийн эрсдэл, эдийн засагт үзүүлэх хор уршиг нь тийм ч чухал асуудал биш байх болов уу.  Эдийн засгийн энгийн онолыг ч мэдэхгүй, нэмэх хасах  өөр тоо мэддэггүй, авахаас биш өгөхийг хүсдэггүй эх орончдын гаргасан энэ үйлдэл олон нийтийн зүгээс ч багагүй шүүмжлэлийг хүртээд буй.  

Нөгөөтэйгүүр долларын ханшийн өсөлтөөс болж  бараа бүтээгдэхүүний үнэ нэмэгдэж, иргэд бухимдалтай байгаа энэ үед эх орончид эдийн засгаа хүндрэлээс гаргах талаар юу сэтгэж, ямар арга сүвэгчилэв ээ.  Магадгүй тэдэнд валютын ханш өсч, төгрөгийн ханш уруудах нь тийм ч сонин үзэгдэл биш байх. Тэгээд ч зовлогоо зовоож, хөлсөө гойжуулж мөнгө олоогүй хүн мөнгөний үнэ цэнийг мэдэрдэггүй гэдэг шүү дээ.   Валютын ханшийн өсөлт ганцхан гадаадын хөрөнгө оруулалт буурчихснаас болчихсон юм биш. Монголбанкинд тушаадаг алт нь багасч, ардаа ямар ч баталгаагүй улс орны мөнгөн тэмдэг цаас төдийхнөөр үнэлэгддэг гашуун сургамжийн илрэл. Иймээс л  Монгол Улсын төв банкинд алт хэрэгтэй байгаа юм. Алттай болохын тулд алтны компаниудыг ташраар нь шийтгэсэн хуулийг өөрчлөх зайлшгүй шаардлагатай байна.  Гадаадынхны эсрэг буу шагайж,  хэрэгтэн болчих шахсан гашуун сургамж  Ц.Мөнхбаярт бий шүү дээ. Өмнөх алдаанаасаа ухаарах нь байтугай  галт зэвсэг агсаад,  гар буугаар төрийн ордон руугаа буудаж байгаа тэр яав ч эрүүл  биш ээ.  Ийм л эрүүл бус хүмүүсийн эрүүл бус үйлдлээс болоод  монголчууд ядуу амьдарч  байгаа юм. Эх орноо аварч үлдмээр байгаа бол эхлээд эдийн засгаа хөгжүүлэх хэрэгтэй шүү гэдгийг эх орончиддоо зөвлөчихье.

Ж.НЯМСҮРЭН

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж