Хуучирсан мэдээ: 2013.09.16-нд нийтлэгдсэн

Тэд тохиролцлоо

Хэдэн сарын өмнөөс их гүрнүүдийн шүдний өвчин яах аргагүй Сирийн химийн зэвсэг байсаар ирлээ. АНУ, францчууд химийн зэвсэг хэрэглэсэн хэмээн мэтгэж, Сири, ОХУ  “Хэрэглээгүй” хэмээн зүтгэсээр сүүлдээ АНУ-ОХУ-ын дундах дипломат дайн болон хувирсан. Их 20 гүрэн чуулахдаа ч энэ асуудлыг гол сэдвээ болгон ярилцсан билээ. Гэхдээ тэд Женев нуурын эрэг дээр зөвшилцөлд хүрч чадлаа. Сирийн химийн зэвсгийг хяналтанд оруулж, 2014 оны дунд үе хүртэл шалгахаар болсон. Бодит байдал ердөө л энэ. Яг энэ асуудалд гуравдагч улсын байр суурьнаас Францчууд орж ирлээ.

АНУ-ОХУ

Энэ удаагийн дипломат асуудалд хэн ялсан нь одоогоор тодорхойгүй байна. Анх төлөвлөж байсан цэргийн ажиллагаагаа хэрэгжүүлж чадахгүй болсон нь АНУ-ын ялагдал байж болох. Гэхдээ хамгийн том сөргөлдөгч тал болох ОХУ-тай зөвшилцөлд хүрсэнийг нь харвал том дэвшил ч байж болох юм. Тэд 2014 оны дунд үе хүртэл олон улсын хяналтанд химийн зэвсэгийг нь судална. 1980-аад оны эхээр АНУ-ын тагнуулын төв газрын судалгаагаар химийн зэвсэгийн томоохон бааз ажиллаж байсныг илрүүлсэн. Тэр үед Ассадын эцэг Сирийн толгойд байж, олон улсад хаалттай улсын дүрээр Сирийг босгож байлаа. Улстөрийн хэрэгтнүүдийн тоо нь ч дэлхийн дундажаас хавьгүй их байсныг хэлэх хэрэгтэй. НҮБ-ын аюулгүйн зөвлөл 1982 онд Сирийн химийн зэвсэгийг хяналтанд авах шийдвэр гаргаж, цэнхэр дуулгатнуудыг илгээсэн ч их гүрнүүд энэ асуудлыг анхааралдаа аваагүй юм. Тухайн үед ОХУ ч, АНУ ч тэр асуудалтай байсан болохоор энэ нь ч аргагүй юм. Харин олон жилийн дараа химийн зэвсгийн асуудлыг нь АНУ сөхсөн юм. Сирид огт химийн зэвсэг байхгүй гэдэг бол өрөөсгөл ойлголт. Харин одоо болж байгаа иргэний дайнд ашигласан эсэх нь эргэлзээтэй.
 
Энэ хоёр гүрэн тохиролцох үндсийн үндэсийг НҮБ тавьчихлаа. Сүүлийн хэдэн өдрийн турш шийдтэй хариу хэлээгүй НҮБ-ын тал химийн зэвсэг илэрсэн гэдгийг батламжлан зарлав. Хэрвээ үнэхээр баттай байсан бол өнгөрсөн долоо хоногийн хугацаанд яагаад зарлаагүй юм бэ гэсэн асуудал гарч ирнэ. Ихэнх ажиглагчдын тааварлаж буйгаар нэмэлт судалгаа шаардлагатай байсан учраас цаг хожих алхамыг хийж байсан аж. Гэхдээ яг таг батлагдаагүй мэдээлэл гэдгийг онцлох хэрэгтэй. Хамгийн том гүүр байгууллага гэгдэх НҮБ-ын шийдвэр гараагүй байсан учраас ОХУ-АНУ хоёр голын хоёр эрэгт зогсон шийдвэрт хүрч чадахгүй байсан юм. Хоёр том гүрэн хэн, хэндээ ашигтай байдлыг эргүүлэхийг хүсэхгүй нь тодорхой. Харин НҮБ химийн зэвсэг хэрэглэсэн гэдгийг мэдэгдсэний дараа ОХУ-АНУ нар хоёр талд байгаагүй мэт хэлэлцээрийн ширээний ард найртай гэгч нь суув.

2014 он хүртэл юуг хайх вэ?

Мэдээж химийн зэвсэг гэж хоёр гүрэн хоёулаа хэлж байгаа. Гэхдээ ямар санал Путины саналыг эргүүлж чадав. Сирид хэзээ ч химийн зэвсэг байхгүй гэж хэлж байсан Путины үгийг хэн өөрчилж, ямар шийдвэр 2014 хүртэл химийн зэвсэгийг олон улсын хяналтанд байлгах саналыг гаргахад хүргэсэн бэ? Энэ бол мэдээж энгийн мань мэтэд тодорхойгүй асуулт. Гэхдээ их гүрний зөвшилцөөний учиг химийн зэвсэгт нь оршоогүй ч байж болох юм. Сири ойрхи дорноддоо газрын тос болоод байгалийн хийгээр баялаг орон. Сүүлийн гурван жилийн туршид ОХУ, Сиритэй сүжрэх болсон чухам шалтгаан нь ердөө л энэ. Мэдээж Сири улс эдийн засгийн хувьд зузаан түрийвчтэй улс биш. Хүнд үйлдвэрийн салбар нь ч хөгжиж амжаагүй яваа улс. Тийм ч учраас ОХУ-ын томоохон газрын тос, байгалийн хийн компаниуд Сири рүү хараагаа сунгах болсон. Энэ тоглоомонд арай хожуухан орох болсон улс нь АНУ. Бараг боломж үлдээгүй байсан, тэдэнд. Учир нь аль хэдийнэ ОХУ-чууд гэрээгээ үзэглэх дээрээ тулчихсан байсан. Чухам энэ байдлыг саармагжуулах зорилгоор химийн зэвсэг гээчийг АНУ-чууд гаргаж ирсэн хэрэг. Одоо үр дүнг нь Обама амсаад сууж байна. Тэд зөвшилцөлд хүрсэн.

Сирид дайны хөл үймээн одоо хамаагүй болсон. Бурхан мэт ОХУ-д ч, чөтгөр мэт АНУ-д ч тэр. Одоо тэд олон улсын хяналтанд химийн зэвсэгийг байлгаж, хоёр улсын хайгуулын бүрэлдэхүүн “химийн зэвсэг”-ийг хайна. Чухам ямар үр дүн 2014 онд гарах вэ гэдэг эргэлзээтэй. Башар Ассад хэдий хүртэл тэсэх вэ?

Б.СҮХ

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж