
Тайландын Рачишима хотноо энэ сарын 13-21-ны өдрүүдэд эмэгтэйчүүдийн 17 дахь удаагийн Азийн аварга шалгаруулах тэмцээн болж байна. Тус тэмцээнд 16 улс оролцож байгаагаас манай улсын шигшээ баг Тайланд, Казахстан, Австрали улсуудтай “А” хэсэгт оноолт таарсан.
Хэсгийн тоглолтууд өнгөрөгч баасан гаригаас эхэлсэн бөгөөд өчигдөр өндөрлөж, шөвгийн найм болон 9-16-р байрын төлөө өрсөлдөх багууд тодроод байна. Манай шигшээ баг хэсэгтээс Австрали 0:3 (20-25, 23-25, 18-25), Казахстан 0:3 (22-25, 17-25, 9-25), Тайландад 0:3 (12:25, 9:25, 5:25)-ийн харьцаагаар хожигдож, хэсэгтээ хожил авч чадсангүй. Улмаар Монголын шигшээ Австрали, Индонези, Хонгконгийн багуудтай G хэсэгт багтаж, IX-XII байрын төлөө тоглох эрхийн төлөө өрсөлдөх гэж байна. Австрали, Индонезийн багууд хэсэгтээ нэг хожил авчээ.
“А” хэсгээс Казахстан, Тайланд, “В” хэсгээс БНХАУ, Иран, “С” хэсгээс Япон, Вьетнам, “D” хэсгээс Өмнөд Солонгос, Тайвань багууд шалгарч, шөвгийн наймд шалгарлаа.
Хоёр жил тутамд болдог Азийн аварга шалгаруулах тэмцээнд манай улсын эмэгтэй баг анх удаа оролцож байна. 17 дахь удаагийн аварга шалгаруулах тэмцээн энэ сарын 21-нд өндөрлөнө.