Манай сурвалжлах баг өчигдөр Сирийн хилийг Хатай-Латакия маршрутаар нэвтрэх гэсэн боловч сөргөлдөгч талуудын мөргөлдөөнтэй таарч, тус зурвасааар нэвтрэх төлөвлөгөөгөө "цуцалсан". Тэгвэл өнөөдөр байж болох арай өөр гарцыг эрэлхийж, Хатай-Идлиб чиглэлийг сонгон авч хэдхэн цагийн өмнө замдаа гарсан юм. Зам зуур нэлээд ойлгомжгүй зүйлүүд таарч байсны дээр Сирийн арми, босогчид нь ялгагдахгүй явуулын отрядууд хэдэн км яваад л таарч, элдэв төрлийн бичиг баримт нэхсээр сүүлдээ тэднээс залхаж эхлэв.
Хэдийгээр Идлиб мужийг босогчид хяналтдаа авсан гэдэг ч яг үнэндээ хилийн шугам Ассадын мэдэлд хэвээр байгаа бололтой. Хэрвээ бид Сирийн армийн мэдэлд буй постоор дайрвал тэд биднийг яасан ч нэвтрүүлэхгүй нь ойлгомжтой. Харин босогчид нэртэй зэвсэгт этгээдүүдийн байрлалаар дамжин гарах боломжтой хэмээн үзсэн юм.
Бид явсаар Сирийн хилийг нэвтэрч, 20 орчим км явсны дараа өнөөх эрээн хувцас, автомат буу агссан нөхдүүд гараад ирэх нь тэр. Тэдний биднээс асуусан хамгийн эхний зүйл нь “Та нар хэний тал вэ” гэж байна. Бичиг баримт ч шалгаж байна гэж жигтэйхэн. “Уучлаарай, бид төвийг сахисан олон улсын сэтгүүлчдийн сурвалжлах баг” гэдгээ ард урд нь оруулан хам хум тайлбарлалаа. Тэд ч цаашаа нэвтэрч болно. Гэхдээ нэг зүйл байна. Бэлэн 1500 ам.доллар тоолж өгвөл татсан төмөр сараалжин хашаагаа нээж "татах" юм гэнэ.
За арай ч дээ. Өөрөө хоосон байж юун тэдэнд мөнгө өгөх. Тэгвэл бид ойрхон ярилцаад эргээд ирье. Тэгээд мөнгөө авчраад хилээр гаръя гэж худлаа хэлж бушуухан тэндээс "зайлж" одов. Бид хоёрт бичлэг хийх боломж олгосонгүй. Ганц нэгхэн зураг нүдийг нь хариулж байгаад авсан "дүр эсгэв". Энэ удаагийн ажиллагаа дахин саадтай учрав. Юутай ч бид босогчдын хэд хэдэн явуулын отрядын байршлыг тогтоолоо. Дараа тэрүүгээр дайрахгүйгээр хил гарчих боломж гарах ч юм билүү.
Сэтгүүлч Х.УЛАМБАЯР
Хилийн зурвас, Идлиб, Сири 2013.09.15

