
Гэр хорооллын дахин төлөвлөлттэй холбогдуулан нийслэлд шинээр газар олгох ажлыг түр хугацаагаар зогсоогоод байгаа. Ирэх жилээс нийслэлийн шинээр сууршлийн 52 бүсийг ирэх жилээс иргэдэд өмчлүүлэх ажээ. Одоогийн байдлаар аль 52 бүсээс газар өмчлүүлэх нь тодорхойгүй байгаа ч Баянзүрх, Сонгинохайрхан, Хан-Уул, Налайх, Багахангай зэрэг дүүрэгт иргэдэд шинээр газар өмчлүүлэх аж. Ингэхдээ зөвхөн Улаанбаатар хотын харъяат буюу 2013 оны тавдугаар сарын 30-ны өдрөөс өмнө нийслэлийн харьяат болсон иргэд шинээр газар өмчилж авах эрх нь нээгдэх юм байна. Энэ нь иргэдийг хот, хөдөөгийн гэж ялгаварлаж буй мэт бөгөөд үүнд албаныхан хөдөөнөөс нийслэлийг чиглэх шилжилт хөдөлгөөн эрчимжсэнтэй холбон тайлбарлаж байна. Тодруулбал, нийслэлд газар өмчилж авсан иргэдийн дийлэнх нь хөдөө орон нутгаас шилжин ирэгсэд байдаг. Үүнийг дагаад хөдөөнөөс нийслэлийг чиглэх шилжилт хөдөлгөөн улам эрчимжсэн учраас ийм арга хэмжээ авснаар уг хөдөлгөөнийг бууруулах талтай гэж буй. Мөн энэ нь газар өмчилж аваагүй орон сууцны иргэдэд боломж олгож байгаа тухай албаныхан хэлсэн. Тиймээс дээр заасан хугацаанаас өмнө нийслэлийн харьяат болсон иргэд шинээр сууршлийн 52 бүсэд газар өмчилж авах боломжтой ажээ. Харин энэ оны зургадугаар сараас хойш нийслэлийн иргэн болсон хүнд дахин шинээр сууршлийн бүс тогтоосон үед газар өмчилж авах эрх нь нээгдэх юм байна.
У.БОЛОР