Чөлөөт бөхийн ДАШТ өнөөдөр эхэлнэ

Хуучирсан мэдээ: 2013.09.16-нд нийтлэгдсэн

Чөлөөт бөхийн ДАШТ өнөөдөр эхэлнэ

Унгарын нийслэл Будапешт хотноо бөхийн чөлөөт барилдааны дэлхийн
аварга шалгаруулах тэмцээн өнөөдөр нээлтээ хийнэ. Чөлөөт бөхийн эрэгтэй,
эмэгтэй, мөн сонгомол бөхийн тус тус долоон жинд аваргуудыг тодруулах
тус тэмцээнд зодоглохоор дэлхийн 82 орны баг, тамирчид Унгарын нийслэл
хотноо цуглаад байна. Монголын бөхчүүдийн тухайд чөлөөт бөхийн төрөлд
эрэгтэй, эмэгтэй бүтэн багаараа оролцох юм.

Есдүгээр сарын 16-22-ны
хооронд үргэлжлэх ДАШТ-ий хуваарь ёсоор өнөөдөр чөлөөт бөхийн
эрэгтэйчүүдийн 55, 66 ба 96 кг-ын жингийн барилдаан болно. Монголын баг
тамирчдын салхийг хагалж, өнөөдөр  ОУХМ Э.Бэхбаяр /55 кг/, ОУХМ
Г.Мандахнаран /66 кг/, ОУХМ Д.Хүдэрбулга /96 кг/ нар дэлхийн аваргын
дэвжээнд хүч сорино.

Э.Бэхбаярын хувьд 55 кг-ын жинд эхний тойрогт
хийлж, хоёрдугаар тойргийн барилдаанд энэ жилийн Европын аваргын хүрэл
медальт, Азербайжаны тамирчин Яшар Алиевтэй барилдахаар сугалаа таарсан
бол ОУХМ Г.Мандахнаран 66 кг-д мөн л эхний тойргийн барилдааныг өнжиж,
хоёрдугаар тойрогт Украины Семён Радуловтой барилдахаар болсон байна.
Харин 96 кг-ын жинд хүч сорих Д.Хүдэрбулгын тухайд эхний тойрогт хийлж,
удаахь тойргийн барилдаанд Бээжингийн олимпийн мөнгөн медальт,
Казахстаны Таймураз Тигиевтэй барилдахаар болжээ.

Дэлхийн аварга шалгаруулах тэмцээний хэсгийн барилдаан Монголын цагаар 19.00 цагт, харин шигшээ барилдаан 01.00 цагт эхлэх юм.

С.ЦЭЛМЭГ

Elimination 13-18.00

Finals 19-21.00

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж