Г.Хандмаа: Өвгөнөөс минь хойш ирэх хүн цөөрсөн

Хуучирсан мэдээ: 2013.09.16-нд нийтлэгдсэн

Г.Хандмаа: Өвгөнөөс минь хойш ирэх хүн цөөрсөн

Зөөлөн сэвшээндээ өвлийн мэндийг тээсээр сэр сэр салхин үлээнэ. Сүүлчийн цэцэг аврал эрэн тэргүүн гудайсан намрын энэ л өглөө:

Намайг эзгүйд найз нөхөд минь ирээд явжээ
Намрын навч, өвлийн цас хаяанд минь унажээ
Хичнээн удаан гэрийн минь гадаа шинэ цас орсныг
Хичнээн олон өглөө гэргий минь намайг хүлээснийг
Байхад, буй болох шинэ юм бүхэн хуучнаараа бодогдож
Байхгүйд,  хуучин юм бүхэн хурц тодоор санагдана…
хэмээх гэгээн гунигтай мөрийг сэтгэлд тээсээр болзсон газартаа хүрлээ.

Эрээнцавын эвдрээгүй найрагч Данзангийн Нямсүрэн агсны гэргий Г.Хандмаа гуай товлосон газраа намайг хүлээж байсан юм. Түүнтэй ханийнх нь талаар тэртээх он жилүүдийн дурсамжийг хөвөрдөн, халуун яриа өрнүүлж суухад “Он цаг, орон зай хүнийг хайрлалгүй өөрчилдөг ч энэ их нугачаан дундаас өөрийгөө эвдэлгүй бүтнээр нь авч үлдэнэ гэдэг ямар их гайхамшиг вэ. Амьдрал юутай баялаг, юутай энэрэнгүй вэ” гэх эерэг бодол сэтгэлийн гүнээс урсан оргилно.

Ингээд нэрт яруу найрагч Данзангийн Нямсүрэн агсны гэргий Г.Хандмаа гуайтай цөөн хором ярилцсанаа хүргэе.  

-Анхны учрал бүх дурсамжийн дундаас хамгаас тод гэрэлтэж үлддэг. Анх  ханьтайгаа уулзсан тэр мөч одоо сэтгэгдлээс тань гардаггүй байх эндээс  яриагаа эхэлье гэж бодлоо?

Олон жилийн өмнөх явдал юм даа. Намайг хоёрдугаар ангийн сурагч байхад манай сургуульд багшилж байсан юм. Би тэр үед жаахан хүүхэд байсан учраас юугаа ч мэдэх билээ. Ямартаа ч бидний дундах сэтгэлийн жим 1965 онд л  тавигдсан болов уу.

-Таныг дунд сургуулийн дөрөвдүгээр ангид сурч байхад Д.Нямсүрэн агсан танд зориулсан анхны шүлгийг бичсэн гэдэг. Тэр шүлгээ хэзээ танд анх уншиж өгсөн бэ?

-Сайн санахгүй байна. Намайг Орос руу сургуульд явахад “Нэр төр” гэдэг ногоон хавтастай ном бэлэглэсэн юм. Тэр номын хавтсан дээр миний нэрийн үсгүүдээр бүтээсэн нэг сайхан шүлэг бичсэн байж билээ. Даанч би Москвагаас Киев рүү оройн галт тэргээр явж байхдаа тэр номыг нь уншиж яваад мартаад буучихсан юм харамсалтай нь одоо тэр шүлгийн мөрүүдийг  би сайн санахгүй байна.

Манайд Хандмаа нэрээр бичсэн шүлэг одоо ч бий. Гэхдээ тэр номын хавтсан дээр байсан шүлэг мөн үү, биш үү гэдгийг сайн мэдэхгүй юм.

– Та Киевт сурч байхдаа хамгийн  сайхан хайрын захидлуудыг хүлээн авч, сэтгэл догдлон уншдаг байсан байх даа?

-Тэгэлгүй яах вэ. Би төдийгүй манай найзууд хүртэл догдлон хүлээдэг байлаа. Тэр захидлууд бүгд манайд бий. Залуу насны дурсамж тээсэн тэр захидлуудыг эмхэтгэж нэг ном бэлтгэж хэвлүүлье гэж бодож байгаа.

-Д.Нямсүрэн агсны шүлгүүдийг унших бүрт Эрээнцавын жижигхэн бор толгод, хэдэн цагаан дэрсний дунд шүлэг бичиж суугаа дүр сэтгэлд буудаг. Бясалгаж суугаа үеийнх нь дүр төрх таны сэтгэлд тун ч тод үлдээ дээ?

-Манай хүн маш цэвэрхэн орчин, тайван нөхцөлд шүлэг бичдэг байсан. Өрөөгөө алтан харгана, мөнгөн хазаараар гоёно. Тэр нь хүнд их содон үзэгддэг бололтой. Олон хүн дурсамжиндаа онцлон бичсэн байдаг. Бас цэмбэ шиг болтол элдсэн хонины нэхий сандал дээрээ тохчихно. Өглөө намайг ажилдаа явахад бичгийн ширээнийхээ ард л сууж байна. Өдөр цайгаа уухаар ирэхэд ч, орой ажлаа тараад ирэхэд ч цагийн ажилтай хүн шиг л тэндээ сууж байдагсан. Гэхдээ гэр орны ажлаа аль хэдийнэ амжуулчихсан, хоол ундаа бэлтгээд тавьчихсан байна. Би заримдаа “Миний ажил ч тарлаа. Таны ажил одоо болно” гээд бичгийн машинаас нь холдуулдагсан.

-Хүн ханиасаа юугаа ч нууж чаддаггүй. Таны хань ямар үед нулимсаа хайрлалгүй урсгадаг байсан бол?

-Ээжийгээ бурхан болоход уйлсан гэсэн. Намайг Сүхбаатар аймагт аравдугаар ангид сурч байхад нэгэн удаа эргэж ирэхдээ “Ээжийн бие муу” гэж байсан юм. Эргээд очиход нь ээж бурхан болчихсон байсан юм билээ. Тэр үед бэх нь урсчихсан нулимстай захидал надад ирж билээ. Тэр захидлаа тун ч сайхан шүлэглэж, сэтгэл эмзэглэмээр бичсэн байсан шүү. Хожим дүү, аав хоёр нь бурхан болсон ч нулимс унагаж байхыг нь би үзээгүй. Бодвол сэтгэлдээ л уйлдаг байсан байх.

-Түүний уран бүтээлийн өрөөний талаар олон хүн гайхаж дурссан байдаг. Тэр өрөө одоо ямаршуу байдалтай байгаа бол? Амьд сэрүүн үеийнх шиг нь эрхэмсэг хэвээрээ юу, эсвэл эзнээ үгүйлсэн мэт дүнсийх шиг санагддаг уу?

-Өрөө нь яг өөрийнх нь орхисон байдлаар байгаа. Бид бага сага засвар хийж өөрчилсөн ч бичгийн ширээ, сандал хоёрыг нь байрнаас нь хөдөлгөөгүй. Тэр өрөөг нь гэр музей болгочих юмсан гэж боддог юм. Тэр хүнээс үлдсэн зүйл нь хэдэн шүлэг, уран бүтээлийнх өрөө хоёр шүү дээ. 

-Хүн байгалиас заяатай ч өдөр өдрөөр байгалиасаа холдсоор байдаг юм шиг. Харин таны хань амьдралынхаа туршид эх байгальтайгаа дэндүү ойр байжээ гэх бодол төрдөг юм?

-Дээр үед Эрээнцав таван сангийн аж ахуйтай сайхан газар байлаа. Одоо энгийн нэгэн жижигхэн тосгон болсон. Бид тэнд 40-өөд жил амьдарлаа. Миний хань Сүхбаатар аймгийн Дарьганга сумын хүн. Гэвч амьдарч байсан Эрээнцавын жижигхэн толгод, өвс, чулуу бүрийг магтан дуулсан. Дарьгангад хөшөөг нь босгоогүй байхад Эрээнцавын оршин суугчид хөөцөлдөж байгаад хөшөөг нь 2009 онд босгосон. Мөн 2007 онд Засгийн газрын тогтоолоор Эрээнцавын дунд сургуулийг миний ханийн нэрэмжит болгосон. Хүн амьдарч байгаа нутаг оронтойгоо хүйн холбоотой байдаг. Тиймээс ч амьд сэрүүндээ төсөөлөө ч үгүй зүйлс нь өнгөрсөн хойно нь амьд юм шиг л бослоо. Их баярлаж, нөхрөөрөө бахархдаг.

-Түүний сэтгэлийн байгаль ингэхэд хэдэн улиралтай бол? Нүдэнд харагдтал дүрсэлж өгөөч?

-Тун сонин мэдрэмжтэй хүн байсан. Тэр мэдрэмжээрээ хүмүүстэй харилцана. Хүнийг гаднаас нь хараад их сайн танина. Ямаршуу ааш зантай хүн болохыг нь андахгүй. Хааяа хотод сургуульд сурч байгаа хүүхдүүдээ шагайгаар мэргэлээд сууж байх нь бий. Мэргэ нь тун онодог байсан шүү. Манай хүн төмөр замд хоол зөөгчөөс эхлээд бүх ажлыг нь хийсэн. Өртөөний жижүүр хийж байхдаа өглөө хамгийн түрүүнд ургаж байгаа нарыг харж шүлэг бичдэг байлаа. Сэтгэлийнхээ дөрвөн улирлыг шүлгэндээ тун сайхан бичиж үлдээсэн шүү дээ.

-Уран бүтээлч хүний хань хамгийн анхны уншигч төдийгүй хамгийн үнэнч шүүмжлэгч байдаг. Таны сэтгэлд хамгийн их хүрсэн хийгээд хамгийн дулимаг санагдсан уран бүтээл нь юу байв?

-Дутуу дулимаг бичсэн шүлэг бараг байхгүй дээ. Манай хүн шүлгээ “муу боллоо” гээд хаячихдаггүй. Хэзээ хойно эргэж уншаад засчихдаг байсан.

-О.Дашбалбар агсан нэгэнтээ “Д.Нямсүрэн алдаагаа хүнээр хэлүүлэх дургүй” хэмээн дурссан байдаг. Уран бүтээлч бүр тийм байдаг байх. Харин хувь хүнийхээ хувьд таны хань дутагдлаа хүлээн зөвшөөрч, алдаагаа засдаг байсан уу?

-Уран бүтээл, амьдралын алинд нь ч намайг юм хэлэхэд огт цааргалж байгаагүй. Уран бүтээлчид тун нарийн ухаантай шүү дээ. Тиймээс ч уран бүтээлийн талаар хүмүүс шүүмжлэхэд дургүйцэж, өөрийнхөөрөө зүтгэдэг байсан байж болох юм. Манай хүн ер нь аливаа баяр наадам, ёслол дээр шүлгээрээ л бусдын анхаарлыг татаж, өөрөө удирдаад явчихдаг. Бусад хүмүүст өөрийгөө амархан ойлгуулж чаддаг байсан. Нэг удаа хилийн застав, гаалийнхны баяр дээр “Гэргийдээ бичсэн шүлэг”-ээ уншихад нь манай ажлынхан уярч нулимс унагаж байсан удаатай. Намайг хэлэхэд юуг ч цааргалдаггүй.

-Та амьдралын гэрэл гэгээг юугаар төсөөлдөг вэ?

-Элэг бүтэн байхад амьдрал гэрэл гэгээтэй байдаг. Амьдрал хагас болчихоор хэцүү шүү дээ. Гэрийн хоёр баганын нэг нь хугараад уначих шиг л болж байгаа юм чинь.

-Тэрээр бусад бичгийн хүний нэгэн адил хар бор ажилд маруухан ч нэгэн удаа үхрийн саравчаа л сэтгэлийн ураа шингээж барьсан тухай та дурсан ярьсан удаатай. Таны хань бусад ажилд ч бас л тэгж шүлэг бичиж байгаа мэт чин сэтгэлээсээ ханддаг хүн үү?

-Яруу найрагчид их сонин сэтгэмжтэй байдаг шүү дээ. Юм бүхнийг шүлэг шигээ л боддог бололтой. Нэг модыг хүртэл сэтгэлдээ зурсан хар зургаа харж байгаа юм шиг өөрийнхөө бодсноор тавина. Тухайн үед миний инээд хүрч л байсан.
 
-Таныг гадаадад байхад гэрэл зургийг тань гар болон сэтгэлийн ур шингэсэн бүтээл болгоод илгээсэн гэдэг. Тэр зургийг чухам хэн зурсныг та мэдсэн үү?

-Надад уг нь хэлж байсан юм. Би даанч мартчихжээ. Ямартаа ч зураач хүн байгаагүй санагдана. Манай хүн өөрөө зураг зурдаг. Гэхдээ тэр зургийг өөрөө зураагүй. Намайг гадаадад сурч байхад багш хувцасны загвар гаргах даалгавар өгсөнд надад их гоё зураг зурж явуулж байсан юм. Бас өөрийгөө толинд харж байгаад зурсан зураг нь одоо ч бий.

-Таны сэтгэлд тайлагдаагүй  оньсого шиг үлдсэн олон нууц байдаг уу?

-Хэнд ч уншуулаагүй олон гар бичмэл бий. Гэхдээ албаар нууцалсан зүйл байхгүй л дээ. 

-…Би цас болно
Бүрхсэн их цас болно
Эргэж ирэхдээ цас болно
Эрээнцавынхаа л цас болно.
Тун удахгүй цав цагаахан цасан дэлхийг бүрхэх нь. Тэр цасны ширхэг бүрээр дамжуулан хань тань таны хацрыг илж, үсийг чинь илбэж байгаа мэт санагдаж, олон оны тэртээх гэрэлт дурсамжуудыг сэдрээх болов уу?

-Хааяа тэнгэр рүү харахад “Дээрээс биднийгээ харж л байгаа даа” гэсэн бодол төрдөг. Бас охины маань жаахан хүү “Манай өвөө биднийг тэнгэр дээрээс харж байгаа, тийм ээ” гээд л ярьдаг. Өвөөгөө бурхан болоход хүн болж мэндлээгүй байсан хүү тэгж ярьж байхыг бодохоор сонин байгаа биз. Намайг нэг удаа Цагаан сараар очиход Д.Маам гуай надад “Би цас болно” шүлгийг нь уншиж, сэтгэл доторх олон дурсамжийг минь сэдрээж билээ.

-Эрээнцавын өвс, чулуу бүрт таны ханийн амьсгаа шингэсэн биз ээ. Та тэдгээр зүйлсийг хэрхэн хайрладаг бэ?

-Амьдарч байгаа газрынхаа уул усыг хайрлалгүй яах вэ. Эрээнцавд уулзсан хүн бүр л манай хүнийг дурсан ярьдаг. “Дөрвөн цаг” шүлгийг нь цэцэрлэгийн хүүхэд хүртэл цээжээр мэднэ. Манай Эрээнцавын нэг багш бүсгүй хил дээр очоод тун сонин зүйл ярьж ирсэн. Эрээнцавд байгаагүй нэг залуу “Дөрвөн цаг” шүлгийг бүтнээр нь түүнд уншиж өгсөн гэсэн. Сайхан байгаа биз. Саяхан манай охины дөрвөн настай хүү нэг бадгийг нь цээжилчихсэн уншиж байна лээ. Хүн мөнх биш ч бүтээл нь мөнх настай байдаг юм байна.

-Таны долоон хүүхэд одоо хаана, ямар ажил эрхэлж байна вэ? Шүлэг, зохиол бичдэг хүн бий юу?

-Манай том хүү аавыгаа амьд сэрүүн байхад шүлэг оролддог байсан. Даанч аав нь “Чи энэ ажлыг хийж чадахгүй” гээд болиулчихсан юм. Одоо Дорнод аймагт багшилж байгаа. Эрээнцавд хүү, охин хоёр байгаа. Би энд бага хүүгийнхээ хүүхдийг харж байгаад Эрээнцавд очиж зусчихаад намар ирдэг юм. Бас нэг охин Хөдөө аж ахуйн их сургуульд ажиллаж байгаа. Нэг охин маань номын санч. Бага хүү “Эдмон” хэвлэлийн компанид ажиллаж байна.

 -Уучлаарай. 2002 оны сэтгэл харанхуйлсан уйт өдрүүдийн талаар дурсахгүй өнгөрч чадахгүй нь. Тэр өдрүүдэд юу  танд хамгийн их түшиг болж байв? Долоон бурхан шиг үрс тань уу, ханийн тань сэтгэл нь шингэсэн шүлгүүд үү, эсвэл гал халуухан хайрын захидлуудын мөнхөд амьд үгс үү?

-Хань минь надад захиас хэлж байгаагүй. Харин бурхан болохоосоо өмнөхөн “Зургадугаар сард чи хот ороорой” гэж байсан. Үнэхээр би зургадугаар сард өвгөнийхөө номыг авах гээд хотод ирсэн. Өөрөө тэр жилийн тавдугаар сард гэрээсээ хол явах нэг л дургүй болчихсон байж билээ. Олон урилгаас татгалзсаны эцэст Булган суманд болсон нэг наадамд оролцоод буцаж явах замдаа бурхан болсон юм шүү дээ. Ханиасаа хойш би гурван жил сэтгэл гундуу явсан. Манай гэр хүн олны хөлд дарагдсан, шүлэг дуу тасардаггүй диваажин гэмээр сайхан байлаа. Тэр үед Дорнодод ирсэн хүн бүр манайхаар ороод гардаг байлаа. Гэтэл манай хүнээс хойш ч цөөн хүн зорьж ирсэн дээ. Тэгээд ч тэр үү, нэг л дүнсгэр. Тэгж сэтгэл гундуу явахад орчуулагч Дашням гуай “Чи бол агуу найрагчийн шүлгэнд мөнхөрсөн бүсгүй. Гундуу явж болохгүй” гэсэн юм. Тэгж хэлэхэд нь их баярлаж, сэтгэл сэргэж билээ. Мэдээж ханийн минь бичсэн шүлгүүд, сэтгэл шингэсэн захидлууд нь намайг амьдралын туршид түшиж явна.

 Т.ДАРХАНХӨВСГӨЛ

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж