наяд ам.доллораар хэмжигдэх Япон улсад санхүү, технологийн өргөн боломж
байгаа бол Монголд харьцангуй залуу хүний нөөц, газрын баялаг бий. Хоёр
тал энэхүү давуу талуудаа нэгтгэх замаар дэлхийн зах зээл дээр хүчтэй
хослол болж гарах ирээдүйг Токиод ярилцлаа-
Монголын
эдийн засагт хүндхэн асуудлууд хойно, хойноосоо босч, хуй салхи аятай
эрчилж байгаа энэ үед Ерөнхий сайд Н.Алтанхуяг Япон улсад албан ёсны
айлчлал хийсэн нь өнгөрсөн долоо хоногийн турш анхаарлын төвд байлаа.
Тэр тусмаа Японы санхүүгийн зах зээл дээр ээлжит бондоо арилжаалах,
зээлийн шугам нээх асуудлыг Токиод амжилттай шийдвэрлэсэн нь яах аргагүй
онцлох ёстой сэдэв юм.
Хятадын зах зээлээс хамааралтай эрдэс,
түүхий эдийн экспортын орлого үлэмж хэмжээгээр буурсны зэрэгцээ гадаад
худалдааны алдагдлыг нөхсөөр ирсэн хөрөнгө оруулалт огцом саарсан,
алтны нөөц багассан зэрэг хүндрэлүүдээс үүдэлтэй өнөөгийн хямралыг
хэрхэн гэтэлгэх вэ гэсэн асуултад дээрх айлчлал хариулт авчрах ёстой
байв. Уг асуултад Засгийн газрын зүгээс өгч чадах хариултын дараагийн
хэсэг нь энэ долоо хоногт хуралдах УИХ-ын ээлжит бус чуулганаар
шийдэгдэхийг ч дурдах нь зүй биз ээ.
Үндэсний мөнгөн тэмдэгт
төгрөгийн ханш суларч, ам.долларын ханш огцом өсөх шинж тэмдгээр илэрч
байгаа хүндрэлийн шалтгааныг эмчлэх жорыг ээлжит бус чуулганаар
хэлэлцүүлэхээр Засгийн газар хэдийнэ зэхсэн. Харин эмчилгээний үр дүнг
хүлээх хугацаанд эдийн засгийг зээлээр дэмжих үүднээс энэ удаад Японы
Олон улсын хамтын ажиллагааны банкны баталгаагаар 600 сая ам.долларын
“Самурай” бондыг тус улсын зах зээлд гаргах, 80 сая ам.долларын зээлийн
эрх нээх асуудлыг Токиод шийдвэрлэсэн юм. Монголын эдийн засагт оролцогч
талуудын хувьд эдгээр асуудалд онцгой ач холбогдол өгч, хүлээлт үүсгээд
байсан.
Мөн айлчлалын хүрээнд дээрх асуудлуудаас илүүтэй алсын
үр дагавар бүхий нэгэн баримт бичигт хоёр орны Засгийн газрын тэргүүн
нар гарын үсэг зурсан нь Монгол, Японы хооронд байгуулсан дунд хугацааны
стратегийн хөтөлбөр юм. Улс төр, эдийн засаг, хүмүүнлэгийн салбарт ирэх
жилүүдэд хэрэгжүүлэх ажлуудыг багтаасан стратегийн хөтөлбөр нь хоёр
орны харилцаа, хамтын ажиллагааг шинэ шатанд гаргана гэж Ерөнхий сайд
Н.Алтанхуяг болон Ш.Абэ нар мэдэгдлээ. Хамтарсан Засгийн газрын анхны
гадаад зочин нь Японы Ерөнхий сайд Ш.Абэ байсан бол Н.Алтанхуягийн
Ерөнхий сайдын хувиар хийж буй анхны гадаад айлчлал мөн л Японыг
сонгосон юм.
Өнгөрсөн хорь гаруй жилийн хугацаанд Монголд
үзүүлсэн тусламж, хандивын хэмжээгээрээ номер нэгт бичигдэх Япон улс
цаашид өмнөхөөсөө ч ихийг өгнө гэсэн үг гэж үүнийг ойлговол учир дутна.
Харин хоёр орны харилцаа цаашид Хөгжлийн албан ёсны тусламжийн агуулгаас
давж, харилцан бие биенээ нөхөх эдийн засгийн ашиг бүхий хамтын
ажиллагаанд шилжинэ гэсэн үг юм.
Монголынхоос 500 дахин том
эдийн засагтай, санхүүгийн салбар дахь хуримтлал нь 15 их наяд
ам.доллораар хэмжигдэх Япон улсад санхүү, технологийн өргөн боломж
байгаа бол Монголд харьцангуй залуу хүний нөөц, газрын баялаг бий. Хоёр
тал энэхүү давуу талуудаа нэгтгэх замаар дэлхийн зах зээл дээр хүчтэй
хослол болж гарах ирээдүйг стратегийн хөтөлбөрийн хүрээнд төлөвлөсөн гэж
Н.Алтанхуяг хэллээ. Үүнийг Монгол, Японы хамтарсан брэндийг дэлхийн зах
зээлд нийлүүлнэ гэсэн энгийн илэрхийллээр ойлгож болох юм байна.
Давосын
чуулгантай хамтран Улаанбаатар хотноо “Дэлхийн эдийн засгийн чуулганы
стратегийн яриа хэлэлцээ”-г зохион байгуулж байгаатай бараг зэрэгцэн
Японд Монголын эдийн засгийн хувь заяатай холбоотой чухал асуудлуудыг
Ерөнхий сайд ийнхүү шийдвэрлээд ирлээ. Энэ үйл явдал зөвхөн монголчуудын
төдийгүй хөршүүдийн маань анхаарлыг татсан. Япон улс 2020 оны Олимпийн
эрх авсны дараахан маргаантай арлын асуудлаас үүдээд урд хөрш маань
тэрхүү Олимпод оролцох эсэхээ эргэн харна гэж мэдэгдсэн. Яг энэ үйл
явдалтай зэрэгцээд Монголын Засгийн газрын тэргүүн Японд айлчилсан гэдэг
утгаараа урд хөршийн анхаарлыг илүүтэй татсан биз ээ.