АТГ-т шалгаж буй томоохон хэргүүд

Хуучирсан мэдээ: 2013.09.14-нд нийтлэгдсэн

АТГ-т шалгаж буй томоохон хэргүүд

Албан тушаалаа урвуулан ашиглаж, их хэмжээний мөнгө завшсан байж болзошгүй гэх авлигын томоохон хэргүүдийг тоймлон хүргэе.

ИНЕГ-ын дарга асан С.Батмөнхийг дахин шалгаж эхэлжээ

Иргэний нисэхийн ерөнхий газар /ИНЕГ/-ын дарга С.Батмөнхийг Авлигатай тэмцэх газраас шалгаж, Цагдан хорих 461 дүгээр ангид цагдан хориод байгаа талаар бид мэдээлсэн билээ. Түүнийг ИНЕГ-ын даргаар ажиллаж байх үедээ тендер сонгон шалгаруулалт хийх явцад ашиг сонирхлын улмаас танил талдаа давуу эрх олгосон, байгууллагад хэрэгцээтэй томоохон багаж төхөөрөмж, тавилга, эд зүйлсийг худалдан авахдаа мөн хууль зөрчсөн хэрэгт сэжигтнээр татан, шалгаж байгаа аж. Мөн С.Батмөнхийн хэрэгт мөнгө угаасан байж болзошгүй үйлдлүүд илэрсэн тул хэд хэдэн хүнийг түүний хамсаатнаар сэжиглэн, шалгаж эхэлсэн байна. С.Батмөнхийг өмнө нь тендерийн асуудлаар хэд хэдэн удаа Авлигатай тэмцэх газарт шалгаж байсан боловч удаа дараа эрүүгийн хэрэг үүсгэх үндэслэлгүй гэх шийдвэр гарч байсан юм.

“Эрдэнэс ТТ”-н Б.Энэбишийг үргэлжлүүлэн шалгаж байна

 “Эрдэнэс Тавантолгой” компанийн гүйцэтгэх захирлаар ажиллаж байсан Б.Энэбиш нарын албан тушаалтнуудыг Авлигатай тэмцэх газарт үргэлжлүүлэн шалгаж байна. Б.Энэбиш нарыг 1,6 тэрбум төгрөгийн үнэ бүхий 10 ширхэг самосмал машин, чанарын шаардлага ханагахгүй дугуй зэргийг эрх мэдлээ урвуулан ашиглаж “Эрдэнэс Тавантолгой” компанид худалдан авсан хэрэгт буруутган өнгөрсөн зургадугаар сараас АТГ-т шалгаж эхэлсэн билээ.


Т.Дашдэлэгийн хэргийг ТЕГ-т шилжүүлжээ

Авлигатай тэмцэх газраас Зэвсэгт хүчний жанжин штабын Агаарын довтолгооноос хамгаалах цэргийн командлагч асан, баригадын генерал Т.Дашдэлэгийг албан тушаалаа урвуулан ашиглаж, зэвсгийн наймаа хийсэн байж болзошгүй гэх үндэслэлээр шалгаж байгаад хэргийг Тагнуулын ерөнхий газарт шилжүүлжээ.

Хэргийг шалгах явцад улсын нууцад хамаарах хэрэг нэлээд гарсан тул хэргийг ТЕГ-т шилжүүлсэн байна. Т.Дашдэлэгийг ажиллах хугацаандаа байлдааны онгоцны моторыг БНАСАУ-д худалдсан зэрэг хэд хэдэн үндэслэлээр шалгаж буй юм.

Н.Түмэндэмбэрэлийг гадуур байцааж байна

Албан тушаалаа ашиглан тендерийн мөнгийг хувьдаа завшсан хэрэгт сэжигтнээр татагдан шалгагдаж байгаа Эрүүл мэндийн яамны Төрийн нарийн бичгийн дарга асан Н.Түмэндэмбэрэлийг АТГ-аас гадуур байцааж байна. Н.Түмэндэмбэрэлийг тус яамны Оношилгоо, эмчилгээний технологийн хэлтсийн дарга Д.Гончигсүрэн, хэлтсийн мэргэжилтэн П.Отгонжаргал, Гэмтэл согог судлалын үндэсний төвийн Дүрс оношилгооны тасгийн эрхлэгч С.Батзориг, “Лабтех” компанийн гүйцэтгэх захирал Б.Болор нарын таван хүнийг өнгөрсөн дөрөвдүгээр сарын 12-нд  Эрүүгийн цагдаагийнхан саатуулан шалгаж эхэлсэн билээ. Мөрдөн байцаалтын шатанд тендерийн мөнгийг 2012 оны гуравдугаар сарын 30-ны өдөр Сангийн яамнаас Н.Түмэндэмбэрэлийн эзэмшлийн “Лабтех” компанийн данс руу нэг тэрбум 735 сая төгрөгийг MRI соронзон оношлогооны аппарат Шастиний нэрэмжит III эмнэлэгт нийлүүлэхэд зориулан шилжүүлсэн. Шилжүүлж авсныхаа дараа “Саммитмедикал сервис” компанийн данс руу нэг тэрбум 720 саяыг нь шилжүүлж,  тендерийн ажлыг гүйцэтгүүлсэн байна. Өөрөөр хэлбэл бусадтай үгсэн хуйвалдаж өөрийнхөө компанийг тендерт шалгаруулаад өөр компаниар хуучин тоног төхөөрөмж  нийлүүлсэн хэрэгт сэжиглэж байгаа юм.

Д.ЖАРГАЛ

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж