
“Нарантуул” зах дээр гутлын бизнес хийдэг охидын аав ажил, сургуульгүй П.Сумъяажавын хэрэг бараг байгаагүй ч ажил гарган өөрсдийн бараагаа зөөлгөснийхөө төлөө цалин өгч том хүү шигээ ханддаг байсан гэнэ. Гэтэл П.Сумъяажав өөрийн найз гэх Д.Бямбадоржид хэрэг гарах өдрөөс долоон хоногийн өмнө мөнгөтэй айл байна. Сейфнийх нь түлхүүр хаана байдгийг би мэднэ гэж хэлж байжээ. Тэд 2009 оны II сарын 14-нд үгсэн тохиролцон, нэг шил архиар зүрхээ чангалан гэрийн эзэд эзгүй байх үеэр очжээ. Хэрэг үйлдэх гээд орцонд зогсч байтал охидын ээж Д ирэхэд зугтаан, дээд давхарт нь байж байгаад маргааш нь үйлдэхээр тохиролцон гарлаа. Мөнгөний төлөө амиа өгөхөөс ч буцахгүй болсон П.Сумъяажав PC тоглоомын газар тоглож байгаад дахин очихоор явсан гэнэ. Энэ үед цаг 17.30 болж байсан. Хаалгийг нь цохисон хүний нэрийг охид асуутал Монхоо ах нь байна гэсэн хэзээний танил дотно дууг сонссон тэд үүдээ нээн, чихэр идэх үү, ах нь гараад ирье гэхэд нь баярлалдан үлджээ. Гэтэл минутын дараа үл таних хүн дагуулж орж ирээд таван настай охиныг үг хэлэхийн завдалгүй хоолойг нь хэрчээд эгчийх нь хоолойг мөн хэрчин, хүчирхийлэхийг завдсан байсныг хэргийн газар ажилласан цагдаагийнхан тогтоолоо. Охидыг хөнөөсөн тэд гэмт хэрэг үйлдэхдээ бэлтгэн захаас мяндсан утас, скоч авсанаа хүлээжээ.
“Сейфийг нь онгойлгон хэд хэдэн боодол мөнгөнөөс надад таван боодлыг өгөөд бид салсан” гэж мөрдөн байцаалтын явцад Д.Бямбадорж мэдүүлжээ. Бяцхан охидын амийг хөнөөж авсан мөнгөөрөө өмд, гутал, цамц авч өмссөн Д.Бямбадорж тэр шөнөдөө найзуудтайгаа чамгүй наргин “Мичид” буудалд шөнийг өнгөрөөгөөд маргааш нь торны цаана сууж эхэлсэн юм.
Охидын аав О “17 цагт гэртээ ирээд, машина гараашинд тавиад дэлгүүр орж охиддоо бялуу аваагүй байсан бол…” хэмээн халаглан сууна. Миний амьдрал дусчихлаа шүү дээ гээд орилж байсан аавыг нь хөршүүд түшиж, ухаан ороход нь тусалжээ. Бяцхан охины цагаан мөгөөрсөн хоолойг бүрэн тастсан нь үхэлд хүргэжээ гэсэн шүүх эмнэлгийн онош гарсан бол эгчийнх нь нүдний торлог бүрхэвч цуурсан бөгөөд цаашид эрүүл мэндэд нь яаж ч нөлөөлөхийг хэлэх боломжгүй гэсэн онош эмч нар тавьжээ. Охин хэдий амьд үлдсэн боловч гүн шоконд орсон, нэг л өдөр ертөнцийг харахгүй болох магадлалтай аж. Охидын аав О хэрэг гарсан өдрөөс хойш унтаж чадахаа байсан бөгөөд одоо ч тайвшруулах эм хэрэглэсээр байгаа гэнэ. Мөн өвөө нь охиноо санан бэтгэрч, хэнтэй юу ярьсанаа мэдэхгүй, хаана юу тавьсанаа санахгүй болсоор удаж байгааг охидын ээж нь шүүх хуралд өгсөн мэдүүлэгтээ хэлжээ.
Охидын аав ээжийн сейфнээс 11 сая төгрөг авсан Монхоо \охид түүнийг ийнхүү авгайлдаг байсан юм\ П.Сумъяажав PC тоглох гэж, хэн нэгэнд бага хэмжээий өртэй байсныхаа төлөө нэгэн гэр бүлийн амьдарлыг хөмөрч орхилоо. Охидын аав ээж хар багаас нь сайн мэдэх П.Сумъяажавыг мөнгө зээлээч, ажлыг чинь хийгээд төлье гэхэд огт эсэргүүцэхгүй байсан гэдэг. Хайгаад хайгаад, уйлаад уйлаад ч хаанаас ч хэзээ ч олдохгүй, аав ээжийнхээ амьдралын утга учир болсон бяцхан охиныг хөнөөсөн тэр өөрөө насанд хүрээгүй хүүхэд гэхэд араатнаас дор авирлажээ. “Ахаа цай уу” гэж хэлсэн О охиныг боож унагаад хүчирхийлэх гэж байсан нь гутамшигтай. Үнэхээр түүнд мөнгөнөөс чухал зүйл үгүй байлаа гэхэд охидын амийг хөнөөхгүй байх боломж байсан. Үгсэн тохиролцон санаатай хүний амь нас хөнөөсөн П.Сумъяажав “Би ямар хэрэг хийж байгаагаа мэдэхгүй байсан. Нэг л мэдэхэд ийм хэрэг үйлдсэн байсан. Бид ах дүүс шиг байсан. Ийм хэрэг үйлдсэндээ гутаж байна. Тэдний нүүрийг харах эрхгүй” гэж мэдүүлсэн бол , Д.Бямбадорж “Надад хүн алах шалтгаан, мөнгөний хэрэгцээ байгаагүй. Тухайн үед ийм хэрэг үйлдсэнээ мэдээгүй” гэж мэдүүлж байна.
Онц ноцтой гэмт хэрэг үйлдсэн тэдний сэтгэцэд ямар нэгэн өөрчлөлт байхгүй, гэмт хэрэг үйлдэх үедээ өөрийн ухаан бодлоо удирдах чадвартай байсныг эмч нар нотолжээ.
Шүүхийн шйидвэрийг сонсоод чихэндээ итгэсэнгүй. Учир нь охины амь насыг санаатай хөнөөгөөд, эгчийнх нь хоолой хэрчин, хүчирхийлэхийг завдсан П.Сумъяажав, Д.Бямбадорж нарт Баянгол дүүрэгт болсон анхан шатны шүүхээс Эрүүгийн хуийн 91.2.1, 2.7, 2.11, 2.12, 2.15, 126.3-аар 15 жил хорих ял оноолоо. Гэхдээ хэргийг санаачлан гардан үйлдсэн П.Сумъяажав одоо Ганцхудагт бус гадуур эрх чөлөөтэй явж байна. Онц ноцтой гэмт хэрэг үйлдсэн П.Сумъяажав хэрэг үйлдэж байх үедээ 17 нас зургаан сартай байсан аж. 2009 оны VII сарын 9-нд гарсан Өршөөлийн хуулийн 4.1.5, 4.2-оор тэр өршөөгдөн, ямар ч ялгүй салж байгаа аж. Харин Д.Бямбадорж нь 18 нас хүрсэн байсан учир хорих ял эдлэхээр боллоо. Тэдний араатан мэт авирласны цаана олон хүн насан туршдаа сэтгэлийн шархтай үлдлээ. Хүүхдийн амь нас санаатай, зэрлэгээр хөнөөсөн хүн төрийн өршөөл эдлэх ёстой гэж үү. Гэмт хэрэгтэн бидний дунд гэм зэмгүй мэт алхаж явна.
Х.Сүрэн