
“Самурай” бондын хүрээнд 600 сая ам.доллар зээлэх яриа хэлэлцээ Японы Токио хотноо ид өрнөж буй. Хөрөнгө оруулалт буурч, валютын хомсдол нүүрлэж, улсын төсөв зардлаа дийлэхээ больсон энэ эгзэгтэй цаг үед 600 сая ам.долларын хөрөнгө оруулалт Монголын эдийн засагт багагүй дэмжлэг болох нь тодорхой.
Хоёр том хүчирхэг хөршийн дунд олон жил буфер /бамбай/ улсын үүрэг гүйцэтгэж ирсэн Монгол Улсын хувьд хамгийн ойрын гуравдагч түнш нь Япон. Нөгөө талаар Монголд хандивласан хөрөнгө, зээл тусламж, хөрөнгө оруулалтын ихэнх хувийг Японы талаас оруулсан байдаг. Тиймээс тус улсыг Монголын хамгийн сайн түнш гэж дүгнэхэд болно. Эдийн засаг дахь гадаад валютын урсгал татарч, хөрөнгө оруулалт буурч, Хятадын зах зээлд нийлүүлж буй нүүрсний үнэ огцом буурсан үед Ерөнхий сайдын Японыг зорьсон ажлын айлчлал цагаа бас нүдээ олсон арга хэмжээ болж чадсан байх.
Японы хөрөнгийн зах зээлд гаргах “Самурай” бондын сургаар зарим хүмүүс янз бүрээр бодол, шүүмжлэлээ илэрхийлж байна. Улсын төсвийн алдагдлыг “Самурай” бондоор нөхөх болов уу гэсэн хардлага эдийн засгийн хүрээнийхний дунд байгаа бөгөөд тэдэнд хандаж хэлэхэд энэ бондын зарцуулалтад Японы олон улсын хамтын ажиллагааны банк хяналт тавих юм. Тус улсын иений хөрөнгийн зах зээлээс босгож байгаа 600 сая ам.долларыг эдийн засгийн үр ашигтай төслүүдэд зарцуулахаа Монголын Хөгжлийн банк амлаад буй. Аливаа зүйлд хянуур нямбай, хариуцлагатай ханддаг япончууд “Самурай” бондын хүрээнд гаргаж байгаа 600 сая ам.долларыг улсын төсвийн алдагдалд зарцуулахгүй байх талаар хатуу хяналт тавих нь мэдээж. Тиймээс тус улсын хөрөнгийн зах зээлээс босгосон дээрх хөрөнгө хөгжлийн нэг түлхүүр байж чадах болов уу. Дэд бүтцийг сайжруулах, цахилгаан эрчим хүчний шинэ эх үүсвэрийг санхүүжүүлэх, барилгын салбарын үйлдвэрлэлийг нэмэгдүүлэх, Тавантолгой болон уул уурхайн зарим томоохон төслийг урагшлуулахад япончуудын зүгээс үзүүлж буй эдийн засгийн дэмжлэг тодорхой хувь нэмэр оруулах байх гэсэн хүлээлт ч эдийн засгийн хүрээнд байгаа юм. Энэхүү бондыг гаргаснаар Монголын хөрөнгийн зах зээл болон, эдийн засагт бас нэгэн шинэ үүд хаалга нээгдэж байна. Өөрөөр хэлбэл анх удаа иенийн хөрөнгийн зах зээлээс мөнгө босгох ажлыг амжилттай эхлүүлсэн Ерөнхий сайдын айлчлал эдийн засгийн хүндрэл тохиолдоод байгаа энэ үед ямар ч байсан Засгийн газарт нэмэх оноо авчирч чадлаа.
Япон Улсын хувьд Монгол Улсад эрүүл мэнд, эдийн засаг, нийгэм, байгаль орчин чиглэлээр хэд хэдэн төсөл хэрэгжүүлж буй бөгөөд бидний сайн мэдэх нэг төсөл бол “Өвсний үндэс”. Энэ төслийн хүрээнд хөдөө орон нутагт цөөнгүй эмнэлэг, сургууүль, цэцэрлэг барьсан. Тэгвэл Улаанбаатарыг хог хаягдлыг сайжруулах талаар өөрийн хөрөнгөөр хог хаягдлыг боловсруулах үйлдвэр барьсан. Энэ төсөл 2004 оноос 2020 он хүртэл хэрэгжих юм. Түүнчлэн Хөшигтийн хөндийд барих шинэ нисэх онгоцны буудал, Улаанбаатарын авто замыг сайжруулах зорилгоор “Гудамж” төсөл, мөн “Метро” төсөл зэрэг таван төсөлд шинээр хамтран ажилллаж, хөрөнгө оруулахаар болжээ. 40 жилийн хугацаатай дээрх төслүүдийг хэрэгжүүлэхэд 0,3-0,75, 0,75-1,7 хувийн хүүтэй зээл олгож байгаа юм байна.