-МАН-ын Их хурал удахгүй болно. Хуралдаа яаж бэлтгэж байна даа?
-МАН-ын Их хурал болгон түүх байдаг. МАН ямар байхаас Монгол Улсын хөгжил шалтгаалдаг гэж боддог. Тиймээс МАН-ын Их хурал улс орны хөгжил, дэвшил шинэчлэлийн их хурал байх ёстой. Ер нь Монгол Улсын хөгжлийн бодлого, стратеги мөрийн хөтөлбөр ямар байх вэ, ядуурал авилгал хээл хахууль зэрэг нийгмийн асуудлыг шийдвэрлэх хөтөлбөр ямар байх вэ, үүнийгээ хэрэгжүүлэхийн тулд МАН яаж өөрчлөгдөн зохион байгуулагдах вэ гэдгийг судалж, бичиг баримтаа боловсруулж байна. Судалгаануудаа дуусгаад бичиг баримт боловсруулах ажилдаа орчихсон байна. 9-р сарын сүүлээс эхлэн эртэмтэд судлаачид, гишүүд дэмжигчдийн дунд өргөн хэлэлцүүлэг зохион байгуулна. Бүгдээрээ хэлэлцвэл буруугүй гэдэг байх аа.
-Таныг Америкт ажиллаад ирсэн Ардын намыг Америкаас туршлага судалж байна гэж сонссон. Хятадын Коммунист намаас цааш холддоггүй гэж боддог хүмүүс энэ нь сонин санагдаж байгаа болов уу?
-Яагаад болохгүй гэж. Хятадын Коммунист намын өөрчлөлт шинэчлэлт, улс орноо хөгжүүлж буй туршлагыг ч судлаж байна шүү дээ. МАН төдийгүй Монгол улс хөгжлийн бодлого стратегиа боловсруулахын тулд БНХАУ, ОХУ-ыг судлах хэрэгтэй. Авилгатай тэмцэж байгаа Хятадын туршлага сонирхолтой. Улс төрийн ардчиллын уураг тархи нь гэж хэлж болох Стэйнфордын их сургуулийн эрдэмтэдтэй уулзаж бүтээлийг нь судалж байна. “Ардчиллын төлөөх үндэсний сан”, “Азийн сан”, “Бүгд найрамдахчуудын хүрээлэн зэрэг байгууллагын Ерөнхийлөгч нарын холбогдох хүмүүстэй уулзаж сонирхолтой яриа өрнүүлсэн. Сонгуулын асуудал, Америкийн улс төрийн намуудын дотоод ардчилал, авилгатай тэмцэх туршлагыг бид судалж байна. Бид суралцаж байна. Эдгээр байгууллагуудтай хамтарч сургалт судалгааны ажил хийхээр ч төлөвлөлөө.
-Өөр ямар улсуудын туршлагаас судалж байна даа?
-Ардын нам Социнтернийн гишүүн юм шүү. Тийм учраас Фредрих Эбэртийн сантай хамтран Улс орны хөгжлийн бодлого намын платформийг яаж гаргах вэ, cүүдрийн Засгийн газрыг хэрхэн үр дүнтэй ажиллуулах чиглэлээр ирэх 10-р сард ХБНГУ-ын улс төрчид оролцсон хурал зөвлөлгөөн, сургалт зохион байгуулна, Ер нь Социнтерний гишүүн намуудтай бид хамтарч ажиллан, саналаа солилцож байгаа. Дэлхийн улс төрийн намуудын чиг хандлагыг судалж байна.
-Намын Их хурлаараа энэ хөгжлийн бодлогоо хэлэлцэх юм уу?
-МАН Их хурлаараа улс орны хөгжлийн байдалд үнэлгээ өгч, алдаа оноогоо дэнслэх монгол хүнийг яаж хөгжүүлэх, улсаа хөгжүүлэх бодлого чиглэлээ ямар байхыг гаргаж ирье гэсэн юм.
-Улсын хөгжил ярихаасаа өмнө сонгуульд ялагдаад байгаа намаа цэгцэлсэн нь дээр юм биш үү гэж хэлэх хүмүүс байгаа байх?
-Тахиа анхдагч уу, өндөг анхдагч уу гэдэгтэй адил асуулт байна. Нам бол засгийн эрхийн төлөө байгууллага мөн нь мөн. Тэгвэл яагаад засгийн эрх авах гээд байгаа юм. Монгол Улсыг хөгжүүлэхийн төлөө биз дээ. Тэгэхээр нэгдүгээрт, Монгол Улс, монгол хүнийг хөгжүүлэх бодлого зорилт, зарчмаа эхлээд тодорхой болгох ёстой.
-Тэгээд дараа намаа ярьж эхлэн гэсэн үг үү. Намын даргаа өөрчлөх асуудал яригдана биз дээ?
-Улс орноо хөгжүүлэх зам мөрөө тодорхой болгоод энэ зорилгод нэгдсэн улс төрийн хүчин болж өөрчлөгдөн зохион байгуулагдах ёстой болов уу. Өмнөө тавьсан тэр бодлого зорилтыг хэрэгжүүлээд аваад явах хүмүүс нь хэн байхыг ярина. Бодлогоо тодорхой болгохгүйгээр хүн солиод ямар ч нэмэргүй. Хуучин машин механизмд алтан эрэг хийлээ ч зэвэрч л таарна биз дээ. Тийм учраас монгол хүнийг яаж сайн сайхан амьдруулах вэ гэдэг хөгжлийн бодлого нь юу юунаас илүү чухал. Энэ асуудлыг л манай намын Их хурал хэлэлцэнэ.
-Таны яриад байгаа, танай намын боловсруулаад буй хөгжлийн бодлого нь юу юм бэ?
-МАН “Ард түмний хөгжлийн хөтөлбөр”-өө өнгөрсөн онд баталсан. Үүнийгээ монгол хүн рүү чиглүүлсэн намын мөрийн хөтөлбөр болгож хөгжүүлнэ гэсэн үг. Тухайлбал, нэгэн зууны 5 зорилт гэсэн анхны санаа байна. Нэгдүгээрт, монгол хүний ажил, орлого. Хоёрдугаарт, эрүүл мэндийн ялгаваргүй үйлчилгээ. Гуравдугаарт, төлбөргүй чанартай боловсрол. Дөрөвдүгээрт, айл бүрт орон сууц. Тавдугаарт, нийгмийн даатгал халамж гэсэн таван чиглэлээр тодорхой бодлого баримтлах хэрэгтэй гэж үзэж байгаа. Монголд эдийн засгийн өсөлт 17 хувьд хүрлээ л гэдэг. Гэвч үр дүн нь ард түмний амьдралд бодитоор яаж тусав гэдэг нь харагддаггүй. Тиймээс яг тодорхой харагдахуйцаар хэрэгжих бодлогыг тодорхойлно гэсэн үг.
-Биеэ засаад гэрээ, гэрээ засаад төрөө гэж монголчууд ярьдаг шүү дээ. Эхлээд намаа эмхэлчихээд дараа нь улс орны том асуудал руу орохгүй юм уу гэдэг утгаар л асуусан юм?
-Гэхдээ намаа засаад төрөө зас гэдэг үг байдаггүй биз дээ. Тэгээд ч энэ үгийг манайхан буруу ашигладаг шиг санагддаг. Мэдээж, Чингэс хааны үед байртай, машинтай болчихоод төрөө засна гэж ярьдаггүй байсан байлгүй дээ.
-Нам нь цэвэр, нэр нь сэвгүй болсны дараа төрөө цэгцлэх юм биш үү гэдэг утгаар асуусан хэрэг. Тэгвэл танай нам эрх баригч биш байж Хөгжлийн бодлогоо яаж хэрэгжүүлэх юм бэ?
-Ардчилсан зарчмаар бол парламентад суудалтай нам төр барьж байна гэж ойлгодог. Тийм учраас намын бодлого бол сөрөг хүчин байхад ч хэрэгжиж байх ёстой. Тиймээс сүүдрийн Засгийн газар буюу хяналтын танхимыг Ардын намд байгуулсан. Энэ танхимын үйл ажиллагаа цаашид улам жигдэрнэ. Тэгэхээр Монгол Улсын хөгжлийн бодлого маань сүүдрийн Засгийн газрын баримтлах бодлого болж хувирна гэсэн үг. Тухайлбал, сүүдрийн Засгийн газрын уул уурхайн сайдын бодлого тодорхой болчихсон байх юм. Тухайн хүн энэ чиглэлээр гурав, дөрвөн жил судлаад мэтгэлцээн өрнүүлээд, эрх баригчдыг хянаад ирэхээр салбартаа бэлтгэгдсэн чадвартай, шударга боловсон хүчин болно. Дараагийн ээлжинд нам эрх баригч боллоо гэхэд энэ салбарыг торох юмгүй аваад явна гэсэн үг.
-Сүүдрийн Засгийн газар байгуулахаар төр хоёр толгойтой болчихоод ажил явуулахад хэцүү болохгүй юу?
-Намынхаа Удирдах зөвлөлөөр энэ саналыг оруулахад яг ийм асуулттай тулгарч байсан. Тэгээд Удирдах зөвлөл эхний удаад дэмжээгүй юм. Тиймээс одоогоор сүүдрийн Засгийн газар биш Хяналтын танхим нэрээр байгуулчихаад байна. Гэхдээ одоо миний хувьд сүүдрийн Засгийн газарт улам итгэл үнэмшилтэй болсон. Энэ бол зөв механизм. Яагаад гэвэл Засгийн газар дандаа зөв ажиллахгүй гэдгийг бид харж байна шүү дээ. Тэгэхээр энэ Засгийн газрын хяналт нь сүүдрийн Засгийн газар байх ёстой. Ийм хяналттай болчихоор Засгийн газар дураараа тонгочиж, буруу зөрүү шийдвэр гаргах эрхгүй болно. Сүүдрийн Засгийн газартай олон орон байна.
-Сүүдрийн Засгийн газрыг амжилттай ажиллуулсан орон гэсэн үг үү?
-Их Британи, Япон, ХБНГУ гээд олон улсад сүүдрийн Засгийн газар амжилттай ажилласан туршлага байна. Харин эрх зүн орчин тодорхой. Энэ нь намууд улс орны хөгжлийн асуудлуудыг шийдвэрлэх хувилбарууд гаргаж хоорондоо өрсөлдүүлэх боломж бий болгож байгаа юм. Тухайлбал, “Валютын ханшийн талаар Засгийн газар буруу бодлого явуулаад байна. Ийм арга хэмжээ авах хэрэгтэй” гээд сүүдрийн Засгийн газрын сайд хэлээд бодлогын хувьд өрсөлдөөн бий болгох хэрэгтэй байна. Тэр дундаас зөвийг нь олж улсаа хөгжүүлэх нь чухал. Харамсалтай нь, өнөөдөр бид бие биеэ гутаан доромжилсон хэлбэрээр л улс төрийн өрсөлдөөн өрнөж байна гэхэд хилсдэхээргүй. Сүүдрийн Засгийн газар байгуулснаар боловсон хүчний зөв цэвэр бодлого хэрэгжинэ.
-Танай сүүдрийн Засгийн газрын сайд нар нь хэн, хэн юм бэ?
-Манай хяналтын танхим таван байнгын хороотой. Нийгмийн бодлого, эдийн засаг, улс төрийн бодлого, гадаад бодлогын байнгын хороо бий. Салбар бүрийн яам хариуцсан сайд нараар УИХ-ын бүх гишүүдийг томилчихсон.
-Нэрлэвэл?
-Эдийн засгийн хөгжлийн сайдаар Л.Энх-Амгалан, Батлан хамгаалахын салбарыг Ж.Энхбаяр, Сангийн яамыг Д.Хаянхярваа гэх жишээгээр хариуцаж байгаа.
-Ерөнхий сайд нь хэн юм?
-Намын дарга нь байж таараа шүү дээ.
-Танай намын залуучууд намаа шинэчилнэ гэж яриад байгаа. Энэ нь Ө.Энхтүвшин, Г.Занданшатар хоёрыг огцруулъя гэсэн үг юм болов уу гэж ойлгогдоод байна. Гэхдээ энэ нь таны хэлснээр шоу юм аа даа?
-Шинэчлэлийн залуустай бид сайн хамтарч ажилладаг. Санал зөрөлдөөнтэй зүйл гараагүй. Манай намын сонгуульд ялагдсан шалтгааны тухайд бол намын Бага хурал дээр сайн ярилцсан. Ер нь ардчилсан тогтолцоотой улсуудад дандаа сонгуульд ялдаг нам гэж үгүй л дээ. Сөрөг хүчин болно гэдэг нь ч нөгөө талаас намаа шинэчлэх, хөгжүүлэх боломж. Энэ талд залуус, ахмад, дунд үеийнхэн санал нэгдэж байгаа. Харин аль ч намд байдаг нэг үзэгдэл бол нам ялагдсан үед хүмүүсийн чанар танигддаг.
-Та намаа сонгуульд унагасан хариуцлагаа хүлээж, Их хурлынхаа үеэр ажлаа өгч чадах уу?
-Миний мөрөөдөж байгаа зүйл бол энэ албан тушаалд үлдэх, үлдэхгүй тухай асуудал биш. Хөгжлийн бодлогоо Их хурлаараа хэлэлцүүлэх юмсан гэсэн бодол л байна.
-Таныхаар танай намын дараагийн дарга хэн бэ?
-Манай улс төрийн тогтолцооны нэг гажиг энэ. Эхлээд ямар бодлого зорилго хэрэгжүүлэх вэ гэж ярихаасаа өмнө эхлээд хэнийг дарга болгох вэ гэж асуудаг. Монгол Улсыг яаж хөгжүүлэх вэ гэдэг өөрийн концепци, итгэл үнэмшилтэй хүн л Ерөнхий сайд болох ёстой биз дээ. Тэрнээс Ерөнхий сайд болж үзэхийн тулд томилогддоггүйтэй адил шүү дээ.
-Тэгвэл таны яриад байгаа хөгжлийг бодлогыг хэн илүү хэрэгжүүлж чадах юм?
-Хөгжлийн бодлого хөтөлбөрөө бид гишүүд, дэмжигчдээрээ хэлэцүүлнэ. Хэлэлцүүлгийн үр дүнд энэ бодлогыг хэрэгжүүлж чадах хүн нь хэн байх вэ гэдэг нь аяндаа тодорхой болох биз ээ. Бид сүүдрийн Засгийн газрын дэргэд авлигатай тэмцэх хороо байгуулж хөтөлбөр хэрэгжүүлнэ. Энэ нь авлига гэдэг бол улс оронд, тухай намд, авлига авч байгаа хүнд өөрт нь хортой гэдгийг ойлгуулах ажил явуулна. Авлигад өртөх магадлалтай хүмүүсийн тодорхойлолтыг гаргаж, хяналт шалгалт явуулдаг үүрэгтэй байна. Мөн Хөгжлийн бодлогын хороог намын дэргэд байгуулах ёстой.
-Танай намынхан эдийн засаг муудлаа, улс орон элгээрээ хэвтлээ гэж шүүмжилж байгаа. Гэхдээ статистик үзүүлэлтийг харахад эдийн засаг 11.3 хувиар өсчихсөн байна лээ?
-Энэ Засгийн газар ард түмнээсээ тасарч эхэллээ. Худалдаа наймаа зогсч байна шүү дээ, цаана чинь. Бүх шатанд хаана, бооно гэдэг тогтолцоо бий болж, шинэ бизнес хийх хүнгүй боллоо. Ийм шалтгаануудын улмаас эдийн засаг хямарч эхлэх гэж байна. Эдийн засгийн өсөлтийн хурд саараад эхэллээ. Өнөөдөр дэлхийд эдийн засаг нь уналттай байсан улс орнууд өндийгөөд эхэлчихсэн байхад манайх эсрэгээрээ буурч байна. Энэ нь Засгийн газрын үйл ажиллагаатай холбоотой.
-Ардын намын үед эдийн засаг 17 хувьд хүртлээ өсч байсан. Гэхдээ бодит үр дүнгээр нь харъя гэвэл ард түмний амьдрал одоогийнхоос дээрдсэн юмгүй л байсан даа?
-Зах дээр очоод махны худалдаачнаас “Борлуулалт ямар байна” гэж асуулаа. Гэтэл “Өдөрт хоёр хонины мах зардаг байсан чинь одоо нэг хонины мах борлуулж чадахгүй байна” гэж хэлж байсан. Ийм утгатай үгийг олон хүнээс сонссон шүү. Үнэн хэрэг дээрээ одоо тууз хайчилж байгаа олон ажил өмнөх ЗГ-ын эхлүүлсэн, хэрэгжүүлсэн ажил шүү дээ. Жишээ нь хөдөө орон нутгаар яваад шинээр тавигдаж байгаа зам талбайг хар даа. Энэ бүхэн Ардын намын үед өссөн эдийн засгийн үр дүн.
-Гадаадын хөрөнгө оруулалт буурсан гэж танай намынхан Засгийн газрыг буруутгаж байгаа. Гэвч гадны хөрөнгө оруулалт буурсан нь таны УИХ-д байхдаа өргөн барьсан хуулиас болсон гэдэг шүү дээ. Тэгэхээр танай намын тавьсан балгаас болж гадны хөрөнгө оруулалт буурч, эдийн засаг мууджээ?
-Ганцхан надаас болоод эдийн засаг муудаж, гадаад хөрөнгө оруулалт буурсан юм бол хариуцлагаа хүлээхэд бэлэн байна. Гэхдээ миний санаачилсан хууль анх тийм байгаагүй юм шүү. УИХ-аар батлахад АН-ын гишүүдийн оруулсан саналаар зүсийг нь хувиргаад гаргачихсан юм. Анхны төсөл нь ОХУ, Австралид дагаж мөрддөг хуулиудыг харж байгаад санаачилсан юм. Харин АН-ын бүлгийн ажлын хэсгийн оруулсан олон өөрчлөлтууд шүүмжлэлд өртүүлж байгаа юм.
-Аль заалтуудыг вэ?
-Тухайлбал, 100 тэрбум төгрөгөөс дээш хөрөнгө оруулалт хийхээр бол Монголын УИХ-аас, доош бол зөвшөөрөл авна гэдэг заалтыг тэд оруулсан. Анхны төсөл нь агентлагийн түвшинд богино хугацаанд зөвшөөрлийн хариуг шуурхай өгөхөөр заалттай байсан.
-Та анх ямар санаагаар энэ хуулийн төслийг өргөн барьсан юм бэ. Монголд хөрөнгө оруулалт шиг хэрэгтэй зүйл үгүй байхад ийм хууль санаачилсан нь өөрөө гадныхныг үргээхэд нөлөөлсөн байх?
-Уг нь зах зээлийн эрсдийг бууруулж, худалдан авах, худалдагчийн монополь байдал тогтоох, хэлцлүүдийг хийхдээ манай Засгийн газраас зөвшөөрөл авдаг журмын тухай хууль л байсан. Засгийн газар зөвшөөрөл олгохдоо олон хоногоор саатаж, ажлыг нь уяж, аль болох хүнд сурталгүй шийдэж өгдөг байхаар тусгаж өгсөн байсан.
Дэлхийн бүх улсад эрх зүйн ийм зохицуулалт байдаг. Тэр үед Монголын нэг уурхайг “Саут гоби сэндс” гэдэг компани Хятадын Чалко компанид худалдчихсан байсан нь тухайн үед 2 намын бүлэг зөвшилцөөд тэр өөрчлөлүүдийг нь хүлээн зөвшөөрөөд энэ хуулийг гаргахаас өөр аргагүй байдалд хүргэсэн.
-Төгсгөлд нь нэг зүйл асуух гэсэн юм. Таныг Гадаад харилцааны сайд байхад Монголд цөмийн хаягдал булшлах тухай шуугиан дэгдэж байлаа. Таныг гэрээг нь байгуулсан ч гэдэг. Чухам үнэн нь юу юм бэ?
-Үнэн байсан бол би энд биш шоронд сууж байх байсан биз дээ. Гэхдээ худлаа, сонгуулийн гүтгэлэг байсан гэдгийг нь цаг хугацаа харуулж байна. Цөмийн хаягдал булсан газрыг мэдэж байгаа хүн байвал хэлээрэй. Очиж үзмээр л байна. Гэрээ бичиг байвал олоод өгөөч. Тийм юм байхгүй энэ худлаа байгаа биз.
-Ер нь цөмийн хаягдлыг манайд булшлах санал ирж байсан юм уу?
-Намайг сайд байхад лав тийм санал ирээгүй. Харин Монгол Улс уранаа олборлоод ашиглах юм бол үр ашигтай гэдэг саналуудыг ярьдаг бичдэг улсууд бол нийтлэлч Баабараас эхлээд зөндөө л байдаг.