
Энэ эрхмийг 2008 оны сонгуулиас эхлээд мөнгө тарааж сонгогдсон гэдгийг увсчууд байтугай улс даяар мэддэг болсон. Бүр улайм цайм мөнгө тарааж буй бичлэг нь байсаар байтал түүнийг эргүүлэн татаагүй. Тийм болохоор амташсан хэрээний үлгэрээр ахин дахин мөнгө тарааж, хууль зөрчөөгүй гэж үзжээ. Энэ үгээрээ тэрээр Монголын гурван ч шатны шүүхийг үгүйсгэж, бүр нохой хуцсан чинээ тоосонгүй. Гэтэл түүний туслах байсан Я.Баттогтохыг, арван жилээ хамт төгссөн Н.Ариунтуяа хоёрыг мөнгө тараасан хэргийг шүүхээр эцэслэн тогтоож хөдөлмөрийн хөлсийг 90 дахин нугалуулж төлөхөөр болсон.
УИХ-ын сонгуулийн тухай хуулийн 35.18.10-т сонгогчдын саналыг татах зорилгоор өөрөө болон бусдаар дамжуулан, эсхүл хүмүүнлэгийн, буяны, шашны байгууллага болон төрийн бус байгууллага, сангийн нэрээр халхавчлан сонгогч, түүний гэр бүлийн гишүүн, насанд хүрээгүй иргэн, байгууллага, хамт олонд техник хэрэгсэл, тоног төхөөрөмж, мөнгө, эм тариа, хүнсний болон бусад эд бараа төлбөргүй тараах, хөнгөлөлттэй үнээр худалдах, түүнчлэн цалин хөлс, тэтгэлэг олгохыг хориглоно гээд заачихаж. Бусдаар дамжуулж мөнгө тараавал гэмт хэрэг гэдгийг цагаан дээр хараар биччихсэн нь энэ. Гэтэл “Би буруугүй” гээд сууж байна. “Дүлийдээ найдаж унгав” л болж дээ. Дээр нь Ч.Хүрэлбаатарын туслахаар ажиллаж байгаад УИХ-ын рефрент болж дэвшсэн Ш.Чинбат, Увс аймгийн МАН-ын дэд дарга н.Жамсран гээд мөнгө тараасан хамсаатнууд олон. Мөнгө тараасан гэдгийг нь би биш шүүх тогтоочихсон.
Хамгийн товчхондоо, дээрх хоёр эрхэм сонгуулийн хуулийг зөрчиж болох бүх үйлдлийг хийсэн. Мөнгө тараасан, насанд хүрээгүй хүүхэд сурталчилгаандаа тоглуулчихаад өмгөөлөгч нь “Хөдөөний хүүхдүүд давжаа биетэй байдаг юм” гэж хээвнэг суусан. Дээр нь сонгуулийн сурталчилгаа дуусчихсан байхад сурталчилгаа явуулсан, мөнгө тараасан нь баригдаад ирэхээр туслахууд нь мөнгө өгсөн оюутнуудыг авч зугтан хүчирхийлэл ч үйлдээд авсан. Энэ бүхний дараа шударгаар тараасан мөнгийг нь хууль, хяналтын байгууллагад нь авчирч өгсөн 13 иргэдэд 13 сая төгрөгийг СЕХ татвар төлөгчдийн мөнгөнөөс гаргаад өгчихсөн байгаа. Хуулиараа бол энэ мөнгийг гэмт буруутай этгээдүүд болох Б.Чойжилсүрэн, Ч.Хүрэлбаатар нараар нөхөж төлүүлэх ёстой. Гэтэл одоо хэр нь төлөөлөөгүй л байна. Луйвар хийсэн нөхдүүдийн хохирлыг татвар төлөгчид барагдуулсан хэвээрээ. СЕХ энэ хоёр эрхэмээс авч болдоггүй юм бол татвар төлөгчид мөнгөө нэхэмжлэх л үлдэж.
Гэтэл өмнөх мөнгөө өгөөгүй байхад дахиад 30 гаруй хүн өгсөн мөнгийг нь арав нугалж авахаар өргөдлөө өгч байгаа сурагтай. Дахиад л татвар төлөгчдийн мөнгөнөөс гаргах нь. Нөгөөтэйгүүр Б.Чойжилсүрэн, Ч.Хүрэлбаатар нарыг илтэд хууль зөрчөөд байхад арга хэмжээ аваагүй сонгуулийн байгууллагыг хууль бус шийдвэр гаргасан эсэхийг дэнслэн бас нэгэн хурал өнөөдөр Дээд шүүхээр эцэслэн шийдэгдэнэ. Түүний дараа “… Жингийн цуваа явдгаараа явж л байна, жингэр нохой хуцаж л байг…” гэх үг бас л хэвлэлүүдээр хэсэгтээ гарах болов уу.