
Монгол Улсын төсвийн 60 хувийг захиргааны болон халамжийн зардалд зарцуулдаг. Өнгөрсөн жилүүдэд төрийн албан хаагчийн тоо 120 мянгаас 150 мянгад хүрсэн бөгөөд 2012 оны УИХ-ын сонгуулийн өмнөхөн С.Батболдын Засгийн газар төрийн албан хаагчдын цалинг 53 хувиар нэмэгдүүлсэн нь захиргааны зардлыг багагүй өсгөжээ. Зуун ямаанд жаран ухна гэгчээр гурван сая хүрэхгүй хүнтэй Монгол Улс 16 яам, 18 сайд, 150 мянган төрийн албан хаагч, 21 аймаг, 330 сумыг төсвийн мөнгөөр тэжээж байна.
Гадаадын хөрөнгө оруулалт буурч, гадаад зах зээлд ашигт малтмалын үнэ унаж байгаа эдийн засгийн энэхүү эгзэгтэй цаг үеийг эрсдэл багатай давах Засгийн газрын нэг бодлого нь зардлаа хэмнэх. Үүний хүрээнд төсвийн зарлагын талаас илүү хувийг эзэлж буй захиргааны зардлыг багасгаж, төрийн албыг цөөлөх хэрэгтэй юм. Засгийн газрын 16 яамны зарим дэд сайдуудын нэрийг мэдэхгүй хүн олон байгаагаас харахад улстөрийн ашиг сонирхолтой энэ албыг бүр мөсөн татан буулгачихвал яасан юм. Яг үнэндээ аль нэг яамны дэд сайд, төрийн нарийн бичиг, агентлаг, газруудын дарга нар гэж сайдаас дутахгүй эрх мэдэлтэй, хангамжтай, тансаг хэрэглээтэй хүмүүс цөөнгүй байна. Тэгэхээр сайд, дэд сайд, төрийн нарийн бичиг, газар хэлтсийн дарга, ахлах мэргэжилтэн гэсэн зуун ямаанд жаран ухна гэдэг шиг хэрэгтэй хэрэггүй албан тушаалыг цөөлж, төрийн албыг жинхэнэ утгаар нь чанаржуулахыг эдийн засгийн нөхцөл байдал ч биднээс шаардаж байна. Төрийн албаны шалгалт гэж нэг нэр төдийхөн шалгуурыг чанаржуулж, төрийн удирдлагын системээ цомхон, чадварлаг, оновчтой болгохын тулд Засгийн газар боловсон хүчний бодлогодоо шинэчлэлт хийх ёстой болж.
Нэгэн япон мэргэжилтэн манай Засгийн газрын томоохон албан тушаалтны урилгаар Монголд ирж туршлагаасаа хуваалцахдаа төрийн байгууллагынхаа тоог цөөлж, чанаржуулах, цалинг нь нэмж, тэр хэрээр өндөр шаардлага тавьж ажиллуулахыг зөвлөөд буцсан гэнэ лээ. “Танай Монголд нэг хүний хийх ажлыг долоон хүн хийж, нэг хүний авах цалинг долоон хүн хуваан авч байна. Харин манай Японд танай долоон хүний хийдэг ажлыг нэг хүн хийж, долоон хүний цалинг нэг хүн авдаг” гэсэн япон мэргэжилтний зөвлөгөөг хэрэгжүүлээд үзэхэд гэмгүй юм. Аль ч төрийн алба хаалгачаасаа хаанаа хүртэл хүнд сурталтай, ар өвөр, танил тал харсан хүмүүсээр дүүрчихсэн нь худлаа биш. Энгийн иргэнд дээрэлхүү ханддаг төрийн албаныхан эрх мэдэлтний өмнө нь өвдөг сөгдөх нь холгүй үйлчилдэг болсон. Ямар сайндаа л Ш.Сайхансамбуу “Нарантуул”-ынхаа зөвшөөрлийг аваагүй байж арван жил ажиллуулах билээ дээ.
Данхайсан төрийн бүтцээ цомхотгож, захиргааны зардалаа хэмнэх бодлого барихгүй бол ажил хийдэггүй албан хаагчдыг тэжээх гэж хувийн хэвшлийнхэн хумсаа хуйхлах нь холгүй байна шүү