
Учир шалтгааныг тодорхой хэлбэл, Ардчилсан нам болон Увс аймгийн Тариалан сумын Х.Баярсайхан нарын 13 иргэн УИХ-ын сонгуулийн 15 дугаар тойргоос сонгогдсон, Б.Чойжилсүрэн, Ч.Хүрэлбаатар нарын УИХ-ын гишүүний мандатын асуудлыг хөндөж, шинээр илэрсэн нөхцөл байдлыг хянуулах хүсэлтээ Улсын дээд шүүхэд гаргажээ.
Улсын дээд шүүх хүсэлтийг хүлээн авч маргааш буюу баасан гарагт хэлэлцэхээр тогтсон юм байна. Хэрвээ Дээд шүүх гуравдагч этгээдээс ирүүлсэн нэхэмжлэлийн шаардлагыг хүлээн авч, шинээр илэрсэн нөхцөл байдалд тооцвол Ч.Хүрэлбаатар, Б.Чойжилсүрэн нарын УИХ-ын сонгуулийн хуулийг зөрчсөн эсэхийг шүүх анхан шатнаасаа дахин хэлэлцэх юм.
МАН-аас нэр дэвшсэн Ч.Хүрэлбаатар, Б.Чойжилсүрэн нарын туслахуудын мөнгө тараасныг тогтоосон Эрүүгийн хэргийн шүүхийн шийдвэр нь захиргааны маргааныг дахин хэлэлцэх шинэ нөхцөл бий болгосон байна.
Өөрөөр хэлбэл, АН-аас нэр дэвшин өрсөлдсөн Д.Нямхүү нарын тайлбарлаж байгаагаар шууд Захиргааны хэргийн шүүх хуралдаж шийдвэр гаргасан нь анхнаасаа буруу бөгөөд Захиргааны хэргийн шүүхээс өмнө Эрүүгийн хэрэг гэдгээр шүүх хуралдаж, эцсийн шийдийг гаргах учиртай байжээ.
Мөн энэ хэрэгт ажилласан өмгөөлөгч бүсгүйн нөхөр нь МАН-ын удирдах албанд ажилладаг хүн учраас өмгөөлөгчийг сонирхлын зөрчилтэй гэж үзэн тэд өргөдөл гаргажээ.
Үүнээс гадна нэмж 38 хүн мөнгө тараасан гэдгийг нь нотолж эрхэм гишүүдийнхээ эсрэг өргөдөл гаргасан шинэ нөхцөл байдал ч үүсчихээд байгаа юм.
Өргөдлийг маргааш хэлэлцээд шийдвэр Б.Чойжилсүрэн, Ч.Хүрэлбаатар нарын гишүүдийн эсрэг гарчихвал энэ намрын чуулганаар тэднийг эргүүлэн татах, мөн шүүх хурлууд дахин анхан шатнаасаа хийгдэх нөхцөл бүрдэх ажээ. Энэ асуудал анхнаасаа л туслах нь ял авах төдийгөөр ингээд өнгөрүүлэх ямар ч боломжгүй маргаантай хэрэг байсан аж.
Учир нь, 13 иргэнд мөнгө тараасан гэдэг нь нотлогдоод эдгээр иргэд хуульд заасны дагуу урамшууллын нэг сая төгрөгөө тэднээс авчихсан байхад, хоёр гишүүн нь суудалдаа суусаар байгаа нь маргаан дагуулсаар байсан юм. Цаашлаад, 38 хүн шинээр өргөдлөө өгчихсөн, мөрдөн байцаалтын явцад 1000 хүнд мөнгө өгсөн гэдэг нь тогтоогдсон учраас тэд яаж ч бодсон шударга үнэнээс нуугдаж чадахгүй болжээ.
Шүүх шударга ажиллаж чадвал шүү дээ. Жил тойрон маргалдсан энэхүү маргаан олон хүчин зүйлээс болж сунжирч, эдгээр эрхмүүд Их хурлын гишүүний суудалд нэг жил тансаглах шалтаг, шалтгаан болсон. Өмгөөлөгч өвчтэй, эзгүй, нотлох баримт хангалтгүй, шүүх буруу шийдвэр гаргасан зэргээр салхи тэдний талд эргээд байсан учраас АН-ын ҮЗХ-ны гишүүн Д.Нямхүү нар бүтэн жил энэ маргааны араас явж, Увсын иргэд, сонгогчид хохирч үлдсэн.
Үнэндээ парламентад суусан цагаасаа хойш МАН-ын хоёр гишүүн төрийн ажилд анхаарал хандуулсан удаагүй. Хуулийн төсөл боловсруулах, төсөв хөрөнгө батлах зэрэг ажилд гар хуруугаа дүрэхгүй, алсуур дөлж явсаар нэг жилийг баржээ. Увсын сонгогчид өнөөдөр мартагдах шахаад байгаа.
Тэд гадаад дотоодод хэрэн хэсүүчилж, өрөөндөө бүгэхээс өөрөөр бол сонгогчдын эрх ашгийн төлөө хөдөлж байсан удаа байгаа эсэхийг санахгүй байх чинь. МАН-ынхан сөрөг хүчин болох гэж их хичээж, төр, нийгэм, эдийн засгийн амьдралыг өнгөрсөн хугацаанд хангалттай шүүмжиллээ.
Гэтэл Увсын хоёр “горилл” нэг ч удаа дуугарсангүй, нүдэн балай, чихэн дүлий явсаар намрын чуулгантай золгов. Гэмт хүн гэлбэлзэнэ гэдэг л энэ биш үү. Одоо ч тэднээс олон зүйл хүлээх шаардлагагүй. Гагцхүү үнэнд бууж өгөн, ард түмнийхээ эрх ашгийн төлөө хувийн амбийцаа мартана гэдэгт найдаж хүлээх л үлдлээ.
АН-ын Үндэсний зөвлөлдөх хорооны гишүүн Д.Нямхүү намрын чуулганаар асуудлыг дахин тавьж, бүрэн эрхийг нь түдгэлзүүлэх хүсэлтийг СЕХ-нд хүргүүлнэ гэдгээ мэдэгдэж байгаа. Тэрбээр, мөнгө тараасан нь ил болж, иргэдийн хохирлыг тэр хоёр барагдуулсны дараагаар СЕХ-нд бичиг хүргүүлэхэд “Тэр хоёр хүн чинь буруутай гэдэг нь нотлогдвол бид хүсэлтээ хүргүүлээд УИХ-ын гишүүнээс эргүүлж татах үндэслэл бүрдэнэ. Тэгэхээр буруутай гэдгийг нь шүүхээр тогтоолго” гэсэн байна.
Одоо буруутай гэдэг нь нотлогдож өөрсдөө тэдний хохирлыг барагдуулчихсан, дахин олон хохирогч гарч ирсэн учраас СЕХ-нд хүсэлт хүргүүлж бүрэн эрхийг нь түдгэлзүүлэх хүсэлтийг УИХ-ын намрын чуулган эхлэнгүүт хүргүүлнэ гэж Д.Нямхүү ярилаа.
УИХ-ын дарга ч АН-ын ҮЗХ-ны хурал дээр “Шударга ёсыг тогтооно. Увс аймгаас сонгогдсон МАН-ын хоёр гишүүнийг эргүүлэн татуулж, АН-ын нэр төрийг сэргээнэ” хэмээн амлажээ. Мөн АН-ын дарга Н.Алтанхуяг ч “Энэ асуудлын эцсийг хүртэл явна. УИХ-аас эргүүлэн татуулна” хэмээн амласан байна.
Тиймээс намрын чуулган эхлэнгүүт эдгээр дарга нар нь амлалтаа биелүүлж эргүүлэн татаж, Увсын хоёр гишүүнийхээ эрхийг сэргээж өгнө гэдэгт итгэлтэй байгаа гэнэ лээ.
Хаврын чуулган завсарлаж, Ерөнхийлөгчийн сонгууль үргэлжлээд улстөрчид найр наадам хэсээд нэг хэсэг цалгардсан үед энэ хоёрын асуудал түр орхигдсон ч одоо эргээд сөхөгдлөө. Хэрэг нь эргэж сөхөгдөхдөө шинэ, шинэ нотлох баримт, шүүхээс зугтах аргагүй болгох мянга, мянган гэрч, хохирогчтой болжээ.
Тэд одоо юунд ч найдаад хэрэггүй болсон. Тэд нэлээн хэдэн жил зөөлөн сандалд суулгасан парламентын танхим, эрхэм андууддаа “баяртай” хэмээн салах ёс гүйцэтгэхээс өөр сонголт байхгүй гэдэгт Увсын ард түмэн итгэж байгаа. Бид ч олон жил ард түмний саналыг мөнгөөр худалдаж авсан олигархиудын төлөөлөлд “баяртай” гэж хэлнэ гэдэгтээ итгэлтэй байна.