иргэний дайныг Монголын сэтгүүлчид анх удаа газар дээрээс нь
сурвалжилж байна. Eagle телевизийн гадаад мэдээний тоймч Х.Уламбаяр,
зураглаач А.Билгүүн нарын халуун цэгээс ирүүлсэн шуурхай мэдээлэл,
сурвалжлагыг хүлээн авна уу.
Үйл явдлын халуун цэгээс мэдээ мэдээллийг шууд хүргэнэ гэдэг хэвлэл мэдээллийн байгууллага, сэтгүүлчдийн хамгийн гол зорилго байдаг. Тэр тусмаа дайны гал дүрэлзэж байгаа халуун цэгт шууд сурвалжлага хийнэ гэдэг нэг талаас эр зориг шаардсан эрсдэлтэй, нөгөө талаас сэтгүүлчийн үүргээ биелүүлэх амттай даалгавар байдаг. Тэгвэл өнөөдөр дэлхий нийтийн анхаарлын төвд байгаа Сири улсаас Монголын сэтгүүлч шууд сурвалжлага хийхээр мордлоо. “Eagle” телевизийн сэтгүүлч, олон улсын тоймч Х.Уламбаяр, зураглаач А.Билгүүний хамт өнөөдөр дэлхийн хамгийн халуун цэг Сири улсыг зорьсон байна. Мэдээж хэрэг дэлхийн хамгийн халуун цэгээс шууд сурвалжлага хийх нь сэтгүүлч хүн болгоны мөрөөдөл хэдий ч басхүү хамгийн эрсдэлтэй алхам. Харин Х.Уламбаяр олон улсын тоймчийн хувьд Сирид байдал хурцтах үеэс эхлэх тус улсад очиж шууд сурвалжлага хийх хүсэлтээ илэрхийлж байсан ийн биеллээ олж өнөөдөр Сирийг зорилоо. Тэрээр facebook хуудсаараа Сирид очиж сурвалжлага хийх хүсэлтээ илэрхийлэн, дэмжлэг хүсч байсан юм. Түүний хүсэлтийг “Практикал даатгал” ХХК дэмжиж, Х.Уламбаяр, А.Билгүүн нарт тус бүр 50 мянган ам.долларын даатгалын лиценз, тодорхой хэмжээний мөнгөний дэмжлэг үзүүлсэн байна.
Тэрээр дэлхийн халуун цэгээс хамгийн шуурхай сурвалжлагыг хүргэх болно гэдгээ амлаж байна. Түүний газар дээрээс нь хийсэн сурвалжлагыг News.mn сайт дамжуулан хүргэх юм.
Х.Уламбаяр өнөө өглөө нисэхийнхээ өмнө “Чингис хаан” нисэх онгоцны буудлаас Facebook хуудаснаа “Хэдхэн хоромын дараа нисэх гэж байна шүү. Бага зэрэг хүлээлт үүсгэсэнд уучлаарай. А. Билгүүн бид хоёр тун удахгүй Сири улсаас мэндчилэх болно. “Амьд" буцаж ирэх даалгавартай тул "хичээх" болно оо. Сайн сууж байгаарай. Баярлалаа. Баяртай…” гэж бичсэн байна. Мөн зургаа оруулж “Бид хоёрыг бурхан "ивээг". Бас тэр кетийг ккк” хэмээн хошигножээ. “News” агентлагийн хамт олон мэргэжил нэгт нөхөд Х.Уламбаяр, А.Билгүүн нарт амжилт хүсэн ерөөж байна. Сайн яваад зорилгоо биелүүлээд ирээрэй. Мэдээж хэрэг хамгийн халуун мэдээллийг та хоёроосоо хүлээж байгаа шүү.