
News.mn сайт жиргээчдийн онцлох, онцгой мэдээллийг тоймлон хүргэж байна. Есдүгээр сарын 11-ний жиргээнд анхаарлаа хандуулна уу.
Жиргээчид нийгэм, эдийн засаг, улс төрийн байдал, басхүү суулт зарласан жиргээч нөхрийнхөө талаар хөөрөлдөж байтал гэнэт Санхүү, эдийн засгийн дээд сургуулийн захирал танхайрсан талаарх мэдээлэл халуухан мэтгэлцээн дагуулав. Улсын томоохон их сургуулийн захирал ноёнтон согтуугаар тогооч руугаа хутга барьж дайрсан хэрэг тэр өдрийн гол дуулиан болж хувирав. Олон жиргээчдийн бухимдлыг төрүүлсэн тэр этгээд харин уучлал гуйж, харамсч буйгаа илэрхийлснээрээ жудагтай эрийн дүрд хувираадахав. “Танхай” захирлыг таньдаг нэг нь “Тэр ийм хүн биш” хэмээн жиргэх ч сурган хүмүүжүүлэгч хүнээс ийм авир гарсан нь твиттерчдийн шүүмжлэлийн бай болсон юм.
Өчигдөр жиргээний ертөнцөд өрнөсөн бас нэг чухал сэдэв нь есдүгээр сарын 11. 12 жилийн өмнөх тэр өдөр АНУ-ыг төдийгүй дэлхий нийтийг цочруулсан халдлага, ихэр цамхаг сүйрсэн тэр хар өдрийг дурсч, Монголын төдийгүй дэлхийн твиттерчид эмгэнэл илэрхийллээ. Бас ч үгүй тус тусын дүгнэлтээ хийж амжив.
Твиттерчдийн ээлжит “сенсаац” нь Чингисийн талбайд “хувь хүний жагсаал” хийсэн жиргээч Амараа. Тэрбээр өөрөө хуулийн дагуу жагсаал хийсэн гэх бөгөөд цагдаагийн байгууллагынхан хуулиа мэддэггүй, хуулийн дагуу суулт хийсэн ч цагдаа нар мэдэхгүй байна гэхчилэн өөрийгөө “аврах” төлөвлөгөөг олон талаас хэрэгжүүлсэн ч нэг их газар аюсангүй. Жиргээ бол хувийн индэр ч Амараагийн хувьд АН-ынхантай үзэлцэх нь үү гэлтэй, “Ардчилсан нам дарангуйллыг бий болгож байна”, “Ардчилал бол масктай дарангуйлал” гэх зэргээр жиргэж байлаа.
Дараагийн шүүмжлэл, дүгнэлт дагуулсан жиргээ бол Япон улсыг зорьсон Ерөнхий сайдын айлчлал. “Самурай” бонд босгож, Япон улсаас мөнгө гуйх гэж байгаа талаар хэсэг нөхөд шүүмжилж байхад, зарим нь харин Засгийн газар мөнгө босгож, эдийн засагт үүсээд байгаа галыг унтраах нь зүйтэй гэнэ. Энэ мэтчилэн явсаар Ерөнхий сайдыг дагаж явсан багийн гишүүдээс жиргэдэг хүн алга гэсэн шүүмжлэл ч бас гарав.
Өдөр бүр өөр өөрийн ертөнцөөс нэг индэрт холбогддог жиргээчид маань мэдээллийг шуурхай дамжуулах, бие биетэйгээ мэдээлэл солилцох, бас улс төрийн болоод эдийн засгийн нөхцөл байдлыг дүгнэн хэлэлцдэг. Тэдний дунд олны танил, танил бус гээд олон хүн бий. Тус тусын ертөнцдөө тэд бүгд эзэн нь. Ерөнхий сайдаа муулсан, АН-ыг үзэн ядсан, бас магтсан, ихэр цамхгийг дурссан, танхай сэхээтнийг шүүмжилсэн жиргээтэй нэг өдөр ийнхүү өнгөрөв. Төгсгөлд нь “Никитон” хамтлагийн дуучин Б.Батчулууны хэлсэн “Надад янз бүрийн онцгүй зүйл тохиолдсон үед би үүнээс ч муу юм тохиолдох байсан ч юм билүү гэж бодохоор хамаагүй дээрддэг” гэсэн үгээр өндөрлөе. Хүн бүрт сайхан, хэцүү бүхэн тохиолдоно, харин энэ бүхний эцэст бүгдийг даван туулах сэтгэлийн тэнхээ чухал. Жиргээчдээ жиргээд байгаарай.