
Дэлхийн аялал жуулчлалын салбарт 1,3 триллион ам.доллар эргэлдэж байдаг. Гэтэл Монгол Улс өнгөрсөн 2012 онд аялал жуулчлалын салбараас ердөө л 286 сая ам.долларын ашиг олсон байх юм. Эндээс харахад дэлхийн аялал жуулчлалын зах зээлд эргэлдэж буй триллион ам.доллараас бид дөнгөн данган халбагадах төдийхнөөр ашиг олж байна гэсэн үг. Сая, сая жуулчдыг өөртөө татаж, үлэг гүрвэлийн өлгий нутгаар аялуулж, аялал жуулчлал гэдэг том нөөц бололцоог ашиглахын тулд энгийн нэгэн аргаас эхлээд эдийн засгийн тооцоо, судалгаатай төслүүдийг боловсруулъя. Ингэснээр эдийн засаг бас нэгэн өөр өнгөөр солонгорох боломжтой юм. Аялал жуулчлалын салбарын хөгжил орж ирж байгаа мөнгөө дагаад эрсдэл багатай, найдвартай, баталгаатай, чанартай үйлчилгээ шаарддаг. Гэтэл гадаадынханд Монголыг сөргөөр таниулах шалтгааныг нь манай улстөрчид тарьдаг. Амнаас нь дандаа бодлогогүй, болдоггүй үг унадаг улстөрчдийн хариуцлагагүй мэдэгдэл аялал жуулчлалын салбарт сөрөг сурталчилгаа болж байгааг хэлэх нь зөв биз. Тэгэхээр гадаадын жуулчдаас мөнгө “саая” гэвэл Монголын улстөрчид хэлэх үгээ ч бодолцож байх хэрэгтэй. Өнгөрсөн онд Монгол Улсад ирсэн жуулчдын 50 хувийг хятадууд эзэлдэг гэсэн тооцоо байна. Тэгвэл тэр 50 хувийнх нь бас тал хувь нь Монголд гэрээгээр ажиллахаар орж ирсэн хятадууд байдаг гэвэл яг хичнээн хүн манай улсад жинхэнэ утгаараа амарч, аялахаар ирсэн бэ гэдэг нь тодорхойгүй. Өөрөөр хэлбэл, хилээр орж, гарсан бүхэн Монголд амрах, аялах, жуулчлахаар ирсэн гэсэн үг биш. Жуулчдын сэтгэлийг татахын тулд жижиг, том гэлтгүй аялал жуулчлалын салбарт хамааралтай болгонд анхаарлаа хандуулах хэрэгтэй болжээ. Өнгөрсөн наймдугаар сард Соёл, спорт, аялал жуулчлалын яамнаас нэгэн шийдвэр гаргасан нь олны талархлыг хүлээгээд буй. Дотоодын үйлчлүүлэгчээс 2-3 дахин өндөр үнэтэйгээр гадаадын жуулчинд үйлчилдэг музейн үнэ тарифийн асуудлыг цэгцэлсэн нь жуулчдыг татах жижигхэн ч гэсэн эхний алхам болсон. Цаашдаа үндэсний болоод ардын урлагийг хөгжүүлэх, үүгээрээ дамжуулан аялал жуулчлалаа сурталчлах, мөнгө олоход төрөөс тодорхой хэмжээний дэмжлэг үзүүлэх нь дан ганц уул уурхайн салбараас хараат манай улсын эдийн засагт багагүй хувь нэмэр оруулах болов уу.
Түвдэд жилдээ гурван сая хүн жуулчилдаг бол Монголд ажил, аяллын шугамаар ирж буцсанаа нийлүүлээд дөнгөн, данган 475 мянга. Бутанд жуулчилж буй аялагч дор хаяж 250-500 ам.доллар зарцуулдаг бол Монголд жуулчлахаар ирж буй нэг жуулчин 180-270 ам.доллар үрдэг гэсэн судалгаа манай улсад ирсэн жуулчинд үзэх юм ховор, авах зүйл бага байгааг харуулж буй. Тиймээс Шинэчлэлийн Засгийн газар 2015 он гэхэд нэг сая жуулчин хүлээж авахаар төлөвлөөд байгаа юм. Үүний хүрээнд визийн асуудлыг хөнгөвчлөх, агаарын тээврийг хөгжүүлэх, дэд бүтцээ сайжруулах, үзвэр үйлчилгээг нэмэгдүүлэх гээд жуулчлагчдын сэтгэлийг татахаар цөөнгүй ажил хийхээр болжээ. Засгийн газрын өмнөө тавьсан энэ том зорилго биелэгдвэл Монголын эдийн засаг ганцхан уул уурхайн хөрөнгө оруулагчдаас хамааралтай байхаа болино.