Эрэгтэй чөлөөтийн баг Будапештийг зорилоо

Хуучирсан мэдээ: 2013.09.11-нд нийтлэгдсэн

Эрэгтэй чөлөөтийн баг Будапештийг зорилоо

Энэ сарын 16-22-ны өдрүүдэд Унгар улсын нийслэл Будапешт хотын “Papp Laszlo Sportarena” спортын цогцолборт болох насанд хүрэгчдийн ДАШТ-нд оролцох эрэгтэй бөхийн баг өнөөдөр нислээ.

Багийн бүрэлдэхүүнд олон улсын хэмжээний мастер Эрдэнэбатын Бэхбаяр /55 кг/, Энхсайханы Ням-Очир /60 кг/, Ганзоригийн Мандахнаран /66 кг/, Батчулууны Анхбаяр /74/, ОргодолынҮйтүмэн /84 кг/, Доржхандын Хүдэрбулга /96 кг/, Жаргалсайханы Чулуунбат /120 кг/ нар багтсан байна.

Дасгалжуулагчаар эрэгтэй үндэсний шигшээ багийн ахлах дасгалжуулагч, Гавьяат тамирчин Цэрэнбаатарын Цогтбаяр, эрэгтэй үндэсний шигшээ багийн дасгалжуулагч Бямбаринчингийн Баяраа, Гавьяат тамирчин Оюунбилэгийн Пүрэвбаатар, Лувсандамбын Энхбаяр нар, эмчээр Спортын бэлтгэлийн төвийн Спортын анагаах ухааны албаны дарга, Гавьяат эмч Чулууны Насанбат явлаа.

Сонгино-Хайрхан дүүргийн “Ирээдүй” цогцолбор сургуулийн багш, Гавьяат тамирчин А.Энхээ, олон улсын шүүгч Л.Болормаа нар унаган шавь “Хүч” спорт хорооны тамирчин, олон улсын хэмжээний мастер, дэлхийн залуучуудын аварга Эрдэнэбатын Бэхбаярыг дэмжихээр мөн явлаа.

Эрэгтэй чөлөөт бөхийн төрөл урьд нь 10 жин байснаа ирэх жилээс 6 жин болж байна, энэ удаа 7 жинд хамгийн сүүлчийн удаа барилдаж байна.

Олимпийн наадам болон ДАШТ-нээс монголын тамирчдаас хамгийн түрүүнд медаль авч байсан эрэгтэй чөлөөт бөхчүүдээсээ хөгжөөн дэмжигчид маань зөвхөн медаль л хүлээж байгаа билээ. 2007 оноос тасалдаад байгаа медалийн буухиагаа энэ удаа сэргээх байх гэж найдаж байна.

Жич: Монголын чөлөөт бөхийн тамирчид ДАШТ-ний эрэгтэй төрөлд 1963 оноос нийт 35 удаа оролцсоноос алтан медаль 3, мөнгөн медаль 12, хүрэл медаль 14 нийтдээ 29 медаль хүртээд байна.

ДАШТ-нд эрэгтэй төрөлд анхны алтан медалийг З.Ойдов 1974 онд, анхны мөнгөн медалийг Б.Жамсран 1971 онд, анхны хүрэл медалийг Ж.Мөнхбат 1967 онд авчээ.

ДАШТ-нээс З.Ойдов алтан медаль 2, хүрэл медаль 1, Х.Баянмөнх алтан медаль 1, мөнгөн медаль 2, Б.Болд, О.Пүрэвбаатар нар мөнгөн медаль тус бүр 2, М.Хойлогдорж, Ц.Нацагдорж, А.Энхээ, А.Наранбаатар нар мөнгө, хүрэл медаль хүртсэн байна.

ДАШТ Унгар улсад 4 дэх удаа болж байна, тус хотод болсон ДАШТ-нд 1985 онд 62 кг-ын жинд А.Энхээ, 68 кг-ын жинд Б.Болд мөнгө,  74 жинд Лу.Энхбаяр хүрэл, 1986 онд А.Энхээ хүрэл, 2005 онд Б.Наранбаатар хүрэл медаль хүртэж байжээ.

Манай эрэгтэй бөхчүүдээс ДАШТ-ний алтан медалийг хамгийн сүүлд З.Ойдов, Х.Баянмөнх нар 1975 онд, мөнгөн медалийг 2007 онд, хүрэл медалийг 2005 онд Л.Наранбаатар аваад байна.

Будапешт хот Улаанбаатар хоттой 6 цагийн зөрүүтэй.

ДАШТ-ний хуваарь

Есдүгээр сарын 16. Даваа гариг

  • 13.00-18.00 Эрэгтэй 55, 66, 96 кг-ийн жингүүдийн урьдчилсан болон дагах барилдаан
  • 18.30-19.00 Нээлтийн ёслол
  • 19.00-21.00 Эрэгтэй 55, 66, 96 кг-ийн жингүүдийн медалийн төлөө барилдаан, медаль гардуулах ёслол

Есдүгээр сарын 17. Мягмар гариг

  • 13.00-18.00 Эрэгтэй 60, 84, 120 кг-ийн жингүүдийн урьдчилсан болон дагах барилдаан
  • 19.00-21.00 Эрэгтэй 60, 84, 120 кг-ийн жингүүдийн медалийн төлөө барилдаан, медаль гардуулах ёслол

Есдүгээр сарын 18. Лхагва гариг

  • 13.00-18.00 Эрэгтэй 74, эмэгтэй 48, 51 кг-ийн жингүүдийн урьдчилсан болон дагах барилдаан
  • 19.00-21.00 Эрэгтэй 74, эмэгтэй 48, 51 кг-ийн жингүүдийн медалийн төлөө барилдаан, медаль гардуулах ёслол

Есдүгээр сарын 19. Пүрэв гариг

  • 13.00-18.00 Эмэгтэй 55, 59, 63 кг-ийн жингүүдийн урьдчилсан болон дагах барилдаан
  • 19.00-21.00 Эмэгтэй 55, 59, 63 кг-ийн жингүүдийн медалийн төлөө барилдаан, медаль гардуулах ёслол

Есдүгээр сарын 20. Баасан гариг

  • 13.00-18.00 Эмэгтэй чөлөөт бөхийн 67, 72, сонгомол барилдааны 55 кг-ийн жингүүдийн урьдчилсан болон дагах барилдаан
  • 19.00-21.00 Эмэгтэй чөлөөт бөхийн 67, 72, сонгомол барилдааны 55 кг-ийн жингүүдийн медалийн төлөө барилдаан, медаль гардуулах ёслол

Д.ӨЛГИЙСАЙХАН (МЧБХ)

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж