Амраа жиргээчдийг сандаргав

Хуучирсан мэдээ: 2013.09.11-нд нийтлэгдсэн

Амраа жиргээчдийг сандаргав


News.mn сайт жиргээчдийн онцлох, онцгой мэдээллийг тоймлон хүргэж байна. 09 сарын 10-ны жиргээнд анхаарлаа хандуулна уу.

-Эдийн засгийн нөхцөл байдалтай уялдуулан жигээчдийн дунд эдийн засагчид олон болсон мэт. Ам.долларын ханш өсч байна, яанаа сүйрлээ, гэчээд iphone 5C авна гээд байдаг. Монголчууд л ингэж чадна, дэлхийд ганцхан шүү гэсэн жиргээчдийн үг сонирхол татаж байна. Ам.долларын өсөлтийг арай ядан зогсоож, юанийн нөөцгүй гэж ярьж байгаа ч бүгд л шинээр худалдаанд гарч буй ухаалаг утсыг хэрэглэж, авсаар байгаа гэж дээрхи жиргээчийн саналыг дэмжих хүн олон байсан юм.

-Монголын төр хэлмэгдэгсдийн ар гэрээс дахиад л уучлал хүсэв. Уучилдаг юм уу, уучлал гуйж шоуддаг юм уу гэх жиргээ энэ өдрийн онцлоход  багтав. Монгол Улсын хувьд хар өдөр хэмээн нэрлэгддэг энэ өдөр улс төрийн болон өөрөөр хэлмэгдэгсдийн ар гэрээс уучлал хүсч, сайд дарга нар нь хүлээж авч, цэцэг өргөхөөс өөр зүйл олон хийгээсэй гэх дагагчид олон байсан юм.  Ялангуяа улс төрчид цэцэг өргөж, ард түмнийхээ өмнө уучлалт гуйн зогсч байгаа ч хамгийн чухал нь шоудахгүй байгаа гэдгээ үйлдлээрээ харуулаасай гэх дагагчид олон байлаа.

-Жиргээчдийн дунд хамгийн их Rt хийлгэсэн нь iphone 5S байсан юм. Шинэ загварын утасны танилцуулга, давуу талууд олон жиргээчдийн сонирхлыг татжээ. Харин зарим жиргээчдийн хувьд ам.долларгүй болж, ядуурсан хямарсан шинж ер алга. Шинэ iphone 5S-ийн талаар л ярьсан улс байх юм. Тийш нь манайхан бас л баахан ам.доллар зарцуулна даа хэмээн шүүмжилжээ.

-Хүн амын тоог нэмэгдүүлэх бодлого аль ч улс оронд байдаг. Манай улс гэхэд хүн амынхаа тоог нэмэгдүүлэх зорилгынхоо хүрээнд “Олуулаа” хэмээх хуулийн төсөл санаачлаад байгаа. "Олуулаа" төсөл ярьж эхэлсэн жиргээчид 2013 оны эхний найман сарын байдлаар төрөлт өмнөх оны мөн үеэс 3518 хүүхэд буюу 7,2 хувиар өссөн үзүүлэлттэй байгааг жиргэцгээв.

-Мөн өдөр идэвхитэй жиргээчдийн нэг Амраа /"Миний гэр"-ийн Амраа ч гэдэг/ Сүхбаатарын талбайд суулт хийж, олон жиргээчдийг “санаа зовоход” хүргэв. Хууль хяналтын байгууллагынхан зөвшөөрөлгүйгээр суулт хийж болохгүй гэдгийг түүнд сануулсан ч жиргээчид найзыгаа дэмжиж, суулт зарласан жиргээчээ өмөөрөөд авна лээ. Жиргээч Амраа өчигдөр Сүхбаатарын талбайд цайны цагаараа үзэл бодлоо илэрхийлж, "Ардчилсан дарангуйлагчид больё" гэсэн бичигтэй лоозон барин суусан юм.

-Сүхбаатарын талбайг Чингисийн талбай болгосон нь олон хүнд таалагдахгүй байгаа бололтой. Жиргээчид энэ талбайг хэрхэх вэ гэдэг дээр одоо ч маргалдсаар байна. Тухайлбал, Чингис хааны хөшөөнөөс Сүхбаатарын хөшөө хүртэлх хэсгийг Чингисийн талбай, Сүхбаатарын хөшөөнөөс урдах хэсгийг  Сүхбаатарын талбай гэж нэрлэвэл яасан юм бэ гэсэн санал гаргаж байв.

Есдүгээр сарын 10-ний өдрийн жиргээг онцлон, тоймлосныг уншигч та ойлгож байгаа биз ээ. Өнөөдрийн тоймоо "Жиргээ бол завтай хүний ажил юм. Хэд хоног завгүй байсан чинь жиргэх бүү хэл, нээж амжсангүй" гэсэн жиргээгээр өндөрлөе. Жиргээ үнэхээр завтай хүний ажил гэж үү.

Тоймлосон: Цахим БОЛЖМОР

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж