
2011-2012 оны хичээлийн жилд ИНЕГ-аас нисгэгч, агаарын хөлгийн инженер, аэродромын инженер, аэронавигацийн инженер зэрэг нисэхийн нарийн мэргэжлээр гадаадын өндөр хөгжилтэй орнуудад оюутан сургах зар түгээсэн байдаг. Үүний дагуу оюутнууд олон төрлийн шалгалт шүүлэг давж, бүүр цэрэгжилтийн бэлтгэл 21 хоног хийж байж шалгаруулалтад үлджээ. Ингэхдээ Монголдоо сурч байсан сургуулиа орхин байж АНУ, Канад, ОХУ-г зорьсон байна. Шалгалтад тэнцсэн оюутнууд ИНЕГ болон зуучлагч байгууллагатай гурван талт гэрээ байгуулан 2012 оны наймдугаар сард суралцахаар одсон байдаг ажээ. ИНЕГ-аас суралцагчидтай байгуулсан гэрээнд суралцах хугацааны сургалтын төлбөр, оршин суух байр, эрүүл мэндийн даатгал, унаа, ариун цэврийн зардлыг бүрэн даана гэж заасан байдаг ажээ. Гэтэл энэ оны хоёрдугаар сараас гэрээний заалт зөрчигдөж, сургалт болон байрны төлбөр төлөгдөхөө больж, оюутнууд гудамжинд гарахдаа тулжээ. Нэгэнт Монгол дахь сургуулиас нь гарган гадаадад сургасан болохоор эцэг эхчүүд орон байр, хашаа байшингаа заран байж өнгөрсөн оны төлбөрийг үргэлжлүүлэн төлжээ. Харин хойшид яах вэ гэдэг өнөө хэр тодорхойгүй.
Чухам яагаад ийм хэрэг үүсэв гэж хөөн үзвээс анх гадаадад оюутан сургах гэрээ нь хуурамч байсан төдийгүй байгууллагынхаа өдий төдий хөрөнгө мөнгийг завшсан байж болзошгүй гэх сэжгийг төрүүлээд байгаа юм. С.Батмөнх Канад улсад байрлах Хойд Америкийн боловсролын нийгэмлэг гэх “Сабо” институттэй оюутнуудыг дээрх улсад сургах, байр орон сууц, эрүүл мэндийн даатгал зэрэг бүхий л төлбөрийг зуучлагч байгууллагаар дамжуулан хийхээр гэрээ байгуулжээ. Гэтэл өнөөдрийн байдлаар тэрхүү “Сабо” гэх нийгэмлэг нь хаана байдаг нь тодорхойгүйн дээр улсын төсвөөс гаргасан хөрөнгө мөнгөний хэмжээ нь батлагдсан төсвөөс хэтэрсэн нь аудитын шалгалтаар тогтоогджээ. Хойд Америкийн боловсролын нийгэмлэг “Сабо” гэх байгууллагын үүсгэн байгуулагдсан баримт бичиг, гэрчилгээ огт байхгүйн дээр Канад улсын Сенека коллежийн жилийн сургалтын төлбөр 56 мянган ам.доллар атал Сабо нийгэмлэг рүү 81 387 ам.долларын төлбөр төлсөн байх жишээтэй. Ийн бодит байдал байгуулсан гэрээтэй эрс зөрчилдөж байгаа тул ИНЕГ-ын шинээр томилогдсон удирдлагууд Улсын мөрдөн байцаах газарт хандаад байгаа юм. С.Батмөнх “Сабо” нийгэмлэг рүү хэдий хэрийн хөрөнгө мөнгийг хэрхэн шилжүүлснийг доор сийрүүлбэл:
Нийт 45 оюутныг суралцуулах сургалтын төлбөрт 5 052 725.29 ам.доллар буюу одоогийн ханшаар 7 725 924 417.6 төгрөг, оюутан бүрт сар тутам тэтгэмж олгоно хэмээн 108 000 ам.доллар буюу одоогийн ханшаар 155 520 000 төгрөгийг ИНЕГ-аас шилжүүлсэн байна. Мөн АНУ-д байдаг “Замдаан” сэтгүүлийн газартай 2012 онд есөн оюутан сургах гэрээ байгуулж сургалтын төлбөрт 1 216 725 000 төгрөг буюу нийтдээ 9 098 169 417.6 /есөн тэрбум ерэн найман сая нэг зуун жаран есөн мянга дөрвөн зуун арван долоон мянга зургаан зуун/ төгрөгийг эрх мэдлээ хэтрүүлэн хуйвалдааны журмаар бусад руу шилжүүлэн байгууллагад ноцтой хохирол учруулсан гэж үзэж буй ажээ. Зөвхөн “Сабо” нийгэмлэг төдийгүй “Замдаан” сэтгүүлтэй байгуулсан гэрээ ч хүчин төгөлдөр бус гэж үзэх үндэстэй гэнэ.
Ийнхүү хаанахын хэн болох нь үл танигдах байгууллага, хувь хүмүүстэй хуурамч шахам гэрээ байгуулан улсын сан хөмрөгөөс хумсалсаар ирсэн С.Батмөнхөд хүлээлгэх хариуцлага гэж байна уу. Дээрх гэрээний улмаас суралцах эрх нь хөндөгдсөн оюутнуудын асуудлыг хэн шийдэх вэ.