Apple “iPhone 5S”, “iPhone 5C”-ыг танилцуулав

Хуучирсан мэдээ: 2013.09.11-нд нийтлэгдсэн

Apple “iPhone 5S”, “iPhone 5C”-ыг танилцуулав

“Apple” корпораци өчигдөр “iPhone 5S” болон түүнээс үнийн хувьд арай хямд “iPhone 5C”-ыг танилцууллаа. Шинээр танилцуулсан “iPhone 5S” нь 64 битийн “A7” процессортой ба камерны хүчин чадал нь өмнөхөөсөө сайжирч, секунденд 120 кадр авах ба өнгөний нягтаршил өндөртэй цуврал зураг авах хүчин чадалтай аж. Мөн хурууны хээ мэдрэгчтэй болсон учир бусад смартфонуудыг бодвол “iPhone 5S” хэрэглэгчийн нууцлалыг дээд зэргээр хангах гэнэ. “iPhone 5S” нь хөнгөн цагаан, шилэн их биетэй ба таван өдөр цэнэгээ барих хүчин чадалтай юм байна.

Харин “iPhone 5S”-тэй хамт танилцуулсан “iPhone 5C” нь таван өнгөний сонголттой хуванцар гадаргуутай бөгөөд хоёул “iPhone 5”-тай харагдах байдлаараа төстэй юм байна. “iPhone 5C” нь өмнөх загвар болох “iPhone 5”-тай ижил “A6” чиптэй, найман мегапикселийн камертай аж.

“Apple”-ийн “iPhone 5S” энэ сарын 20-ноос мөнгөлөг, саарал, алтлаг өнгөтэйгээр АНУ, Хятад улсад худалдаанд гарах ба 16 гегабайтын багтаамжтай нь 649 ам.доллар, 32 ба 64 гегабайттай нь 749 ба 849 ам.долларын үнэтэй байх аж. Харин “iPhone 5C” нь 16 гегабайтын багтаамжтай нь 549 ам.доллар ба 32 гегабайттай нь 649 ам.долларын үнээр  худалдаалагдах ажээ.

Үүний зэрэгцээ “Apple” корпораци өчигдөр “iPhone 5S” болон “iPhone 5C”-ыг танилцуулсны дараа хувьцааных нь ханш хоёр хувиар өсчээ.

Б.АНХТУЯА


NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж