Кесоныг ирэх 16-нд нээхээр тохиролцов

Хуучирсан мэдээ: 2013.09.11-нд нийтлэгдсэн

Кесоныг ирэх 16-нд нээхээр тохиролцов

Хоёр Солонгосын албаныхан өнгөрсөн гуравдугаар сараас хойш үйл ажиллагааг нь зогсоосон Кесоны аж үйлдвэрийн цогцолборыг дахин нээх асуудлаар өчигдөр хуралдаад ирэх долоо хоногт буюу 16-ны өдөр нээлтийн ажиллагааг зохион байгуулахаар тохиролцжээ. Түүнчлэн хоёр талын албаныхан ирэх аравдугаар сард Кесон дахь аж үйлдвэрийн цогцолборыг сурталчилж, хөрөнгө оруулагчдыг татах үүднээс цогцолборын үйл ажиллагааг харуулсан телевизийн шууд нэвтрүүлэг цацахаар төлөвлөж байгаа юм байна. Энэ нь Өмнөдийн талаас Хойдод хандан Кесон дахь аж үйлдвэрийн цогцолборыг бусад гадны орны хөрөнгө оруулагчдад нээх шаардлагын хүрээнд хийгдэж байгаа ажил гэнэ.

Хойд Солонгос өнгөрсөн гуравдугаар сард Өмнөдийн талтай улстөрийн үл ойлголцол, зөрчилдөөн үүссэний улмаас Кесоны аж үйлдвэрийг хааж, дараа сард нь ажилчдаа татсан билээ. Кесон дахь аж үйлдвэрийн цогцолборт Өмнөд Солонгосын 100 гаруй компани үйлдвэрлэлийн үйл ажиллагаа явуулж, Хойдын 50 мянга гаруй иргэн ажилладаг юм. Кесон дахь аж үйлдвэрийн цогцолбор нь Хойд Солонгосын орлогын томоохон эх үүсвэр бөгөөд хоёр Солонгосын хамтын ажиллагааны бэлэг тэмдэг билээ.

Б.АНХТУЯА


NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж