Хуучирсан мэдээ: 2013.09.11-нд нийтлэгдсэн

Цаг ашиглах 10 арга

Хүн бүхэн өөрийн гэсэн хүсэл, тэмүүлэл,
амьдралын зорилготой нь эргэлзээгүй. Гэвч тэр зорилго тэмүүлэлдээ хүрсэн нь
ховор. Чухам яагаад зорилгоо биелүүлж чаддаггүй вэ гэвэл олон шалтаг гарч ирнэ.
Асуудлын гол нь бид цаг хугацааг тэр болгон үр дүнтэй ашиглаж чаддаггүйд л
байгаа юм шүү дээ. Тиймээс өвөг дээдсүүд маань “цаг бол алтнаас үнэтэй” хэмээн
сургаж ирсэн байдаг.


Дэлхийн түүхнээ “Мянганы манлай удирдагч”
болон тодорч, өдгөө Монголын нэрийн хуудас болоод буй их эзэн Чингис хаан ч
“Наран ургахуйгаас жаргахуй хүртэл морин дэл дээрээс буулгүй шүдний махаар
хооллож, шүлсний хөөсөөр ундаалан мацан чармайж явсаар Их Монгол Улсыг
байгуулсан” түүхтэй. Япон, Солонгос, Вьетнам зэрэг өндөр хөгжилтэй орнуудын
жишгээс аваад үзсэн ч ард иргэд нь цаг хугацаатай уралдан ажиллаж байж
амжилтанд хүрсэн тухай олон жишээг бид мэднэ. Монголчууд бид 21-р зууны түүхэн
хөгжилтэй хөл нийлүүлэн алхах тухай дээр доргүй ярьсаар л байна. Түүхэн
бахархал болсон их хаадынхаа ухаан билгийг өвлөж төрсөн, оюуны их өв баялагтай
хэмээн омогших нь цөөнгүй. Тэр их мэдлэг ухаанаа өөр хоорондоо хэрэлдэх, өрөөл
бусдыг шүүмжлэх төдийд зарцуулж хичнээн цагийг элээх билээ. Одооноос эхлээд
дараах 10 аргыг сайтар мөрдөж суръя. Бидэнд бусдыг муулах, болохгүйг хараад
бухимдаж суух цаг байхгүй шүү дээ монголчуудаа.


1. Өглөө бүр 15 минутыг тухайн өдөр хийх
зүйлсийнхээ жагсаалтыг гаргахад зарцуул. Эсвэл өмнөх орой нь юу хийхээ төлөвлө.
Тэгвэл ажлаа эхнээс цэгцтэй тайван хийх боломжтой.

2. Үг нисэн одож цаас үлддэг. Тиймээс бодож
төлөвлөснөө тухай тухайн үед нь заавал цаасан дээр тэмдэглэ. Бичиж тэмдэглэх нь
хийж гүйцэтгэхийн хагас гэдгийг бүү март.

3. Цаг үргэлж алхам алхмаар урагшил. Хамгийн
түрүүнд хийх зүйлсээ тодорхойлон амьдралдаа хэрэгжүүл.

4. Төлөвлөгөө хийх ажлаа байнга шалгаж нягтлан
харж бай. Ингэснээр ямар нэгэн төлөвлөгөө өөрчлөгдсөнөө харж цагаа дэмий
өнгөрөөх хэрэггүй болно.

5. Байнга өдрийн тэмдэглэл хөтөлж, биелсэн
биелээгүй ажлаа дор дор нь тэмдэглэ.

6. Албан өрөөндөө анхаарал сарниулах зүйлээс
хол бай. Бас байнга дэмий зүйл ярьж таны цагийг хомсолдог хамтран ажиллагчаасаа
хол бай.

7. Өнөөдөр би яавал зорилгодоо хурдан хүрэх
вэ гэдэг асуултыг өдөрт 10 удаа өөртөө заавал тавь.

8. Олон зүйл зэрэг барьж авах хэрэггүй. Нэг
ажилдаа анхаарлаа хандуулж заавал дуусгаж байж дараагийнхад нь ор.


9. Өөрийнхөө гаргасан шийдвэрт итгэлтэй байж
бүхнийг өөрийнхөөрөө хий. Бусдын үгийг дагаж цагаа дэмий алдах хэрэггүй.

10. Долоо хоног бүр хийх ажлынхаа төлөвлөгөөг
заавал гаргаж бай. Ингээд нэг дэх өдрөөс эхлэн ажлаа эмх цэгцтэй төлөвлөгөөнийхөө
дагуу зөв эхлэх хэрэгтэй.

Эх сурвалж: http://www.mongoliandream.mn/

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж