Хуучирсан мэдээ: 2013.09.11-нд нийтлэгдсэн

Хогоор бүтсэн “хот”

Улаанбаатар хотоос жилдээ 500-600 мянган тонн хог хаягдал гардаг гэнэ. Нийт хүн амд нь хуваагаад үзвэл /600.000:1.400.000/ нэг хүнд дунджаар 430 кг буюу хагас тонн шахам хог оногдож байна. Өлгийтэй хүүхдээс эхлээд өвгөд хөгшид хүртэл нэг бүрчлэн шүү дээ. Орон сууцанд амьдарч байгаа нэг иргэн өдөрт 650 грамм, гэр хороололд амьдарч байгаа иргэн 800 грамм хог хаягдал бий болгодог гэсэн тооцоог Хотын захиргаанаас хийжээ. Хог хаягдлын 36 хувь нь хүнсний хаягдал, 22 хувийг пластик материал буюу хуванцар сав, гялгар уут эзэлдэг байна. Өөрөөр хэлбэл, жилд дунджаар 132 мянган тонн хуванцар сав, гялгар уутыг манайх гадаадаас импортлон авч, хог болгон байгаль дээрээ хаядаг гэсэн үг. Яагаад гэвэл энэ төрлийн хог хаягдлыг дахин боловсруулах үйлдвэр манайд угаасаа байхгүй.

Нийт хог хаягдал дотор эзлэх хувиар нь тооцвол даавуун материал /4 хувь/ 24 мянган тонн, шил /9 хувь/ 54 мянган тонн, цаас /22 хувь/ 132 мянган тонн, металл /7 хувь/ 42 мянган тонн болж байна. Гэхдээ энэ нь зөвхөн нийслэлийн хэмжээнд гарч байгаа хог хаягдал гэдгийг сануулах хэрэгтэй. Улсын хэмжээнд гаргасан тоо хараахан алга. Нийслэлийн хүн ам Монголын нийт хүн амын тал хувь гэж үзэх юм бол үлдсэн тал хувийнх нь бий болгосон хог хаягдал ямар ч хараа хяналтгүй үлдэж байна гэсэн үг. Ядахдаа аймгууд нь тус бүртээ нэг дүн мэдээ гаргадаг л гэж найдья.

Нийслэлд үүсч байгаа хог хаягдлын 50 орчим хувийг дахин боловсруулах боломжтой хог хаягдал эзэлдэг ч одоогийн байдлаар нийт гарч байгаа хог хаягдлын 7.6 хувь буюу 25 мянган тонн хог хаягдлыг л цуглуулан хоёрдогч  түүхий эдээр урд хөрш рүү экспортолдог байна. Бидний мэдэхийн архины шил, ундааны сав, шар айрагны лааз тэргүүтэнг цөөн тооны хаягдал түүхий эд хүлээн авах цэгээр дамжуулан хямд үнээр авч, урд хөрш рүү гаргаж байна. Үлдсэнийг нь Морингийн даваа, Цагаан давааны хогийн цэг рүү ачуулж байгаа. Үндсэндээ нийслэлчүүдийг “үйлдвэрлэж” байгаа хог хаягдлын бараг тал хувийг эзэлж байгаа пластик материал болон цаас ч мөн адил ямар ч дахин боловсруулалтгүйгээр байгаль дээр хаягдаж байна гэсэн үг.

Арваад жилийн өмнө манай нэг бизнесмэн Монголдоо анх ариун цэврийн цаас үйлдвэрлэж эхэлснээ бахархан ярьж байсан юм. “Одоо хөдөөгийнхөн тогооны алчуур хэрэглэхээ больсон. Манайд үйлдвэрлэсэн цаасыг гаргаж ирээд арчаад хаяж байна. Бохир алчуур тогоо арчиж байснаас ариун цэврийн хувьд ч зохимжтой. Үнэ нь ч өндөр биш” хэмээн ярьж байсан. Үнэхээр ч дажгүй бизнес байсан. Гэтэл одоо тэр бизнес дампуурсан. Яагаад гэвэл хүн бүхэн “00”-ийн цаас үйлдвэрлээд эхэлсэн учраас.

Хэрвээ энэ талаас нь авч үзвэл Монголд цаасан хог хаягдал гэж байх учиргүй ч харамсалтай нь тийм биш. Яагаад гэвэл энэ бүх “Монголд үйлдвэрлэв” гэсэн хаягтай “00”-ийн цаас, хуурай, нойтон салфеткууд бүгд урд хөршид ороогдоод орж ирдэг. Угаасаа Монголд муу технологиор, өртөг ихтэй үйлдвэрлэсэн цаас Хятадын хямд зах зээлтэй өрсөлдөх боломжгүй шүү дээ. Худлаа гэвэл хэвлэлийн үйл ажиллагаа явуулдаг захын компаниас асуугаарай. Танайхаас хаягдал цаасыг чинь авдаг үйлдвэр байна уу гэж. “Байсан, одоо авахаа больсон. Хаашаа ч юм нүүгээд алга болсон” гэж хариулах вий. Нэг бол дампуураад алга болсон, үгүй бол урд хөршөөс ороосон цаас оруулж ирдэг болсон гэсэн үг. Нэгэнт аль нэг компани, үйлдвэрлэгчийн нэр төрд халдах зорилго эхнээсээ тавиагүй учраас нэр, хаягийг нь нууцаллаа.

За цаас ч яах вэ, арга барагдахад өөрөө байгаль дээр шингээд алга болдог хог. Гэтэл Монголын газар нутгийг бүтнээр нь эзлээд байгаа энэ гялгар уут, хуванцар савнуудыг яах вэ. Ганцхан жилийн дотор багаар бодоход 132 мянган тонн хуванцар сав, гялгар уутан сав, баглаа боодлыг бид импортоор оруулж ирээд, түүнийгээ ил задгай хаяж байна шүү дээ. Яагаад гэвэл бид алийг нь ч өөрсдөө үйлдвэрлэдэггүй, бас дахин боловсруулалт ч хийдэггүй. Дөрвөн жилийн өмнө Байгаль орчин, аялал жуулчлалын яамнаас санал боловсруулж, 0,5 мм-ээс нимгэн гялгар уутыг импортоор оруулахгүй байх, савлагаанд ашиглахгүй байх тухай хууль боловсруулан УИХ-аар батлуулсан. Яагаад гэвэл энэ төрлийн уутыг дахин боловсруулах боломжгүйгээс шууд байгаль дээр хог болон хаягддаг учраас. Түүнээс арай зузааныг нь бол ядахдаа хоёрдогч түүхий эдээр аваад, хайлуулж хуванцар үйлдвэрлэчихэж болдог юм байна л даа.

Харамсалтай нь, одоо энэ хуулийг хэрэглэж байгаа хүн алга, хэрэгжүүлэгч нь ч хэн юм бүү мэд. Харин ч манай бүхий л супермаркетууд урьд өмнө худалдан авагчдад үнэгүй өгдөг байсан гялгар уутуудаа 100, 200 төгрөгөөр үнэлж зараад зэгсэн ашиг болж байгаа. Хуулийг хэрэгжүүлж, гялгар уутны хэрэглээтэй тэмцэж байгаа нь тэр юм гэнэ. Үнэхээр нэг элэг барьж чадаж байгаа юм шүү.

Хотын захиргаа энэ хог хаягдалтай тэмцээгүй биш тэмцэж байгаа. Наад зах нь гэвэл энэ хавраас эхлээд хотын гудамжийг бүрхсэн шинэ хогийн савнуудыг хараад үзээрэй. Чамгүй өндөр үнээр хийгдсэн, “Дахиварын сав” нэртэй, хогийг ангилж хаяхад зориулсан энэ саванд хог бараг байхгүй. Байлаа ч ангилж хийдэг хүн лав байхгүй. Үүгээр дамжиж байгаа хогийг Улаанчулуутын хогийн цэг дээр хаягдаж байгаа хогтой харьцуулахад далайд дусал төдий. Гэсэн ч одоо хотын захиргаанаас нийслэлийн 280.000 өрх, аж ахуйн нэгж, албан байгууллагуудад дахиад л хогны уутыг үнэгүй тараах юм гэнэ лээ. Өөрөөр хэлбэл, өмнө хаягдаж байсан гялгар уутны хог хаягдал дахиад нэмэгдэнэ гэсэн үг. Нэгэнт хогоо боловсруулж, ангилж чадахгүй байгаа юм чинь цуглуулаад цуглуулаад яах юм билээ. Хаях газар нь л өөр боловч адилхан л хог дээр хаягдана.

Тэгэхээр Монголд хог тарьж байгаа хүн хэрэглэгчид биш, харин үйлдвэрлэгчид болж байна. Хог хаягдалтай тэмцэхийн тулд үйлдвэрлэгчидтэй тэмцэхээс өөр арга алга аа гэсэн үг. Гялгар уутны импорт, үйлдвэрлэгчдийн сав баглаа боодол дээр тавьсан хуулийн хоригоо хэрэгжүүлье. Хэрэглэж байгаа үйлдвэрлэгчид, импортлогчид дээр нэг бүрчлэн онцгой татвар тавья хамаагүй. Иргэдийнхээ эрүүл мэндийг хамгаалж байна гээд /үнэндээ бол төсөвт орох орлогоо л бодож байгаа шүү дээ/ архинд онцгой татвар тавьдаг шигээ Монголд дахин боловсруулалт хийгддэггүй хуванцар сав, гялгар уутан сав баглаа боодол оруулж ирж байгаа бүх компаниуд дээр онцгой татвар тавья. Ядахдаа хогоо өөрсдөө боловсруулаад сурчих хүртлээ.

Ганц гялгар уут гэлтгүй, байгаль дээр устдаггүй, шимэгддэггүй, өөрсдөө дахин боловсруулалт хийдэггүй ямар л хог хаягдал гарч байна, тэр тоолонд импортлогчид дээр нь онцгой татвар ногдуулья. Ингэсний дараа тэд ядахдаа хог хаягдлаа буцаагаад татдаг өөрийн гэсэн сүлжээтэй болох байлгүй. Тэр тоолонд нь харин урамшуулал, хөнгөлөлт олгодог болъё.         

Сүүлийн үед ихээр хэрэглэгдэж байгаа тетрапак сав савлагаа, хүүхдийн живх, хуруу зайнууд байна. Хүүхдийн живх гэхэд хэдэн зуун жилдээ задардаггүй, хэрэглээд орхисон хуруу зай гэхэд агаарт урвалд орохоороо цөмийн хаягдлын дайтай хорт бодис ялгаруулдаг гэдэг. Гэтэл эдгээр хог хаягдал айл өрх бүрийн өдөр тутмын хэрэглээний хэдэн хувийг эзэлж байгаа билээ дээ. Тэгэхээр хог хаягдалтай үнэхээр л тэмцье, байгалиа хайрлая, амьдарч байгаа орчноо аюул багатай байлгая гэвэл хог хаягдлыг бий болгож байгаа үйлдвэрлэгчидтэй нь хамтарч тэмцье. Тэгэхгүйгээр нэг нь баахан хог оруулж ирж шахаад ашиг олдог, нөгөө нь түүнийг нь цуглуулж зайлуулах гэж үйл тамаа үздэг байж болохгүй биз дээ. Эцэстээ бүх ачаа нь татвар төлөгчдийн л нуруун дээр ирж байгаа.

Б.СЭМҮҮН

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж