
Мод, нүүрсний томоохон захуудаас төвдөө хамгийн ойрхон байрладгаар нь “Цайз” захаар очлоо. Хүйтний эрч чангарах болоогүйгээс тэр үү “Цайз” захад хөл хөдөлгөөн багатай, түлээ, нүүрс зардаг хүн цөөхөн байна. Идэр өвлийн хүйтэнд “Цайз” захын зам дагуух нэгдүгээр эгнээнд нүүрс ачсан “Портер” маркийн автомашин урт цуваа үүсгэж, гадуур нь жижигхэн уутанд нүүрс, мод савласан иргэдээр дүүрэн байдгийг та бид мэднэ.
Ингээд “Цайз” захад мод, нүүрс шуудайлан борлуулдаг нэгэн эгчтэй ярилцлаа.
Мод, нүүрсээ хоёр янзаар шуудайлсан байна. Ингэснээр иргэдийн хэрэгцээндээ тааруулан худалдан авах боломжоор хангаж байгаа гэнэ. Том ууттай нь 6000 төгрөгийн үнэтэй. Энэ шуудай нь бидний мэдэх 50 кг-ийн гурилын уутнаас арай бага юм. Харин гадуур зарагддаг жижигхэн ууттай нь 1500 төгрөгийн үнэтэй. Нүүрсээ ч мөн адил хоёр өөр шуудайнд хийсэн байна. Том ууттай нь 3000 төгрөг, бага нь 1500 төгрөгийн үнэтэй.
“Хүйтрэх болоогүй өдийд нүүрс хямдхан худалддаг юм. Гэвч энэ жил Налайхын нүүрс Портер нь 300 мянган төгрөгийн үнэ хүрч, иргэд бүү хэл худалдаачид бид авахад хэцүү байна. Одоо ийм өндөр үнэтэй байгаа юм чинь өвөл иргэдийг ид түлш, түлээгээ бэлтгэх үеэр 500 мянган төгрөгийн үнэ хүрнэ дээ. Өнгөрсөн жил Налайхын нүүрс нэг портер нь 160-170 мянган төгрөгийн үнэтэй байсан. Гэтэл энэ Налайхаас нүүрс татаж, зардаг хүмүүс иргэдийн ихээр нүүрс авдаг үеэр үнээ нэмчихдэг. Өнгөрсөн өвөл Налайхын нүүрс 300-320 мянга, Алаг толгойн нүүрс 350-400 мянган болтлоо нэмэгдсэн шүү дээ. Тэгэхээр одоо 300 мянган төгрөгийн үнэтэй байгаа юм чинь идэр есийн хүйтнээр 500 мянга хүрвэл гайхах зүйл огт үгүй” гэж нүүрс, мод борлуулдаг эгч хэллээ. Портер маркийн автомашинд дунджаар 2,5 тонн нүүрс багтана.Налайхын нүүрс хүнд болохоор гурван тонн нүүрс багтдаг гэнэ. Гэхдээ идэр өвлийн хүйтэнд гурван тонн хүртэл ачиж ирчихээд хямдхан өгөх “хоншоортой” аавын хүү “Цайз” захад лав байдаггүй гэнэ. Аль болох бага хэмжээтэй нүүрсийг өндөр үнээр өгөхийг чухалчилдаг ажээ.
Өнгөрсөн жилийн хувьд Алаг толгойн нүүрс Амгаланд байрлах борлуулах цэг дээрээ нэг тонн нь 90 мянган төгрөгийн үнэтэй зарагдаж байсан. Гэвч Амгалангийн борлуулах цэг дээр хонон, өнжин хүлээгээд ч нүүрсээ авч чадалгүй буцдаг тохиолдол бий. Цаанаас ирэх вагон цөөн, мөн өнгөрсөн жилийн Алаг толгойн нүүрс нунтаг, чулуу зэрэг ихтэй байгааг худалдан авсан иргэд гомдоллож байсан юм. Энэ жил Налайхын нүүрсний үнэ өслөө. Үүнийг дагаад Алагтолгойн нүүрс илүү үнэ хүрэх магадлалтай гэнэ.
Учир нь Алагтолгойн нүүрс Налайхыг бодвол асах нь амархан, илч сайтай, нүүрс бага гардаг аж.
Ийнхүү Улаанбаатарын талаас илүү хувь нь амьдардаг гэр хорооллын иргэдийн дулааны эх үүсвэр болсон нүүрс өндөр үнэтэй байх нь. Эдгээр иргэдээ даарч, зутруулахгүйн тулд төр өнгөрсөн жил “Багануурын нүүрс борлуулах цэг”-ийг ажиллуулсан. Энэ нь нүүрсний үнийг тогтворжуулж, худалдаачдын аманд багтах үнээр нүүрс авахаас иргэдээ хамгаалсан ажил болсон. Энэхүү хямдралтай нүүрс хүрэлцээтэй муутай байдгаараа бас учир дутагдалтай. Тэгэхээр энэ жил улам боловсронгуй утаа багатай байхаар зохицуулна биз ээ. Ямартаа ч “Портер нүүрс 500 мянган төгрөг болно” гэж “Цайз” захын “нүүрс, модны ченж”-үүд хэлж байна. Тэд хэлсэндээ хүрэх нь элбэг шүү.