Хойд хөршийн нийслэл Москва хотод болсон “Их хорь”-ийн уулзалтын дараа БНХАУ-ын дарга Си Жинпин Казахстанд айлчилж, ерөнхийлөгч Н.Назарбаевын нэрэмжит хүрээлэнд зочлохдоо цаашид бүс нутгийн хэмжээнд яригдах нэгэн томоохон асуудлыг хөндлөө. Түүний илтгэлийн сэдэв алдарт “Торгоны зам”-ыг сэргээн хөгжүүлж, төв Азийн улс орнуудыг хамарсан эдийн засгийн сүлжээг бий болгох уриалга байв. Саяхан болж өнгөрсөн БРИКС-ийн гишүүн орнуудын парламентын чуулган болон Их Хорийн уулзалтын дараа Хятадын тэргүүн энэхүү санаачилгаа ил гаргаж мэдэгдсэн, ингэхдээ хөршийнхөө нутагт айлчлах үеэрээ зарласан нь анхаарал татаж буй юм. Тэр тусмаа монголчуудын анхаарлыг татах ёстой мэдэгдэл юм. Тэгвэл энэ асуудал Монголд яагаад хамаатай вэ?

Монголчууд бидний мөнхийн хоёр хөрш ОХУ болон БНХАУ нь ирэх 10 жилд дэлхийн хамгийн том нэмүү өртөг бүтээдэг эдийн засагтай орнууд болох нь тодорхой төсөөлөгдөж буй. Өнгөрсөн 2012 онд Хятадын Дотоодын нийт бүтээгдэхүүн 700 тэрбум ам.доллараар өссөн. Тэрчлэн сүүлийн таван жилийн статистикаар Хятад, ОХУ гадаадын хөрөнгө оруулалтыг хамгийн ихээр татсан улс орнуудын жагсаалтыг тэргүүлээд зогсохгүй нийлбэр дүнгээрээ энэ нь 150 тэрбум ам.долларт хүрчээ. Энэ үзүүлэлт өнөөхөндөө рекорд юм. Тэгвэл энэ хоёр их хүч хүн төрөлхтөний хөгжил дэвшил өөрсдөөс нь үлэмж хэмжээгээр хамаарах улс төр, нийгэм, эдийн засгийн бүтцийг санаачлан бодит ажил хэрэг болгоод эхэллээ. Энэ дунд бидний оролцоо, эрх ашиг, ирээдүйн амбици маань юу байх вэ гэдгийг тооцоолох, тэр байтугай шатрын өрөг дээр нүүдэллэж эхлэх цаг болсныг Си Жинпиний Казахстан дахь мэдэгдэл санууллаа. Нэг үгээр бол цагийн сэрүүлэг дохио өгч байна гэсэн үг юм.
Монголчууд газар зүйн хосгүй байршил авч үлдсэн гэдэгтээ эргэлзээгүй итгэх, үүнийгээ өрөм болгож хувиргах боломжийг дэлхийд нөлөөтэй геополитикийн төв байгуулах гэсэн хоёр хөршийн маань ашиг сонирхлын нэгдэл бидэнд бүрдүүлж өгч байгаа хэрэг.
Торгоны замын эдийн засгийн коридор байгуулах бүс нутгийн асуудлаар улс орнууд яриа хэлэлцээ өрнүүлэх, өөрсдийн эдийн засгийн стратеги чиглэлийн хүрээнд эрх ашгаа илэрхийлэх нь чухал болохыг Си Жинпин онцолсон байна. Үүний үр дүнд бүс нутгийн хамтын ажиллагааны төлөвлөгөөг боловсруулах шаардлагатай гэжээ. Хоёрдугаарт, Номхон далай-Балтийн тэнгис гэсэн коридорыг гаргахын тулд тээврийн сүлжээ бий болгож зүүн баруун Азийг холбох төсөөлөлтэй байгаагаа илэрхийлсэн байна. Гуравдугаарт, “Торгоны зам”-ыг дагасан худалдааг хөнгөвчлөх, сонирхсон талууд нь худалдаа, хөрөнгө оруулалтын үйл ажиллагааг хялбарчлахад тус дэм болох асуудлыг цаашид ярилцах ёстой гэжээ. Дөрөвдүгээрт, мөнгө санхүүгийн салбарыг бэхжүүлэх, бүс нутгийн улс орнууд төлбөр тооцоог үндэснийхээ валютаар хийх боломжийг хэрэгжүүлэх, санхүүгийн секторыг эрсдэлээс хамгаалах, олон улсын тавцанд бүс нутгийн өрсөлдөх чадварыг нэмэгдүүлэх. Тавдугаарт, бүс нутгийн ард түмэн, улс үндэстнүүдийн найрамдалт харилцаа холбоо, ойлголцлыг нэмэгдүүлэх шаардлагатай хэмээн Хятадын тэргүүн онцолсон байна.

Тэгэхээр Төв Азид төвлөрсөн байх боловч олон улсын хэмжээнд нөлөөтэй эдийн засаг, геополитикийн цоо шинэ бүтцийг байгуулах гэсэн хоёр их гүрний санаачилга хүссэн, хүсээгүй бидний эрх ашгийг хөндөх нь тодорхой байна. Харин эдийн засаг, геополитикийн шинэ бүтцийг бодитой болгох дэд бүтэц нь Торгоны зам байх аж.
“Торгоны зам”-ын коридорыг агаар, төмөр зам, хийн хоолой, автозам, усан тээвэр гэсэн таван гарцтай байхаар төсөөлж буй бөгөөд Монголын нутаг дэвсгэр дээгүүр дайран өнгөрөх эсэх, эдийн засгийн үр өгөөж нь юу байх, бид юу хожиж болох зэргийг ярилцах, байр сууриа томьёолох шаардлага бий болж байна.
Энэ сарын 13-нд Киргизийн нийслэл Бишкек хотноо Шанхайн хамтын ажиллагааны байгууллагын гишүүн орнуудын төрийн тэргүүн нарын уулзалт эхлэх юм. Уг уулзалтад Монгол Улсын Ерөнхийлөгч Ц.Элбэгдорж оролцоно. Энэ үеэрээ ноён Ц.Элбэгдорж “Транзит Монгол” үндэсний хөтөлбөрийн талаар болон бүс нутгийн хэмжээний асуудалд ямар байр суурьтай оролцох, өөрсдийн ашиг сонирхол юу байгааг тодорхой мэдэгдэхээр төлөвлөж байгаа бололтой. Үнэхээр ч төрийн тэргүүний зүгээс анхаарал хандуулж, бүс нутаг, бидний эргэн тойронд өрнөж байгаа асуудлаар дуу хоолойгоо илэрхийлэхгүй бол галт тэрэг биднийг хүлээхгүй нь тодорхой юм.
Ялангуяа одоогийн Ерөнхийлөгчийг Монголын төрийн тэргүүнээр сонгогдсоны дараачаас их гүрнүүдийн зүгээс Монголыг харах хандлага ч бас өөрчлөгдсөн гэдгийг хэлэх нь зүйтэй. Хоёр их гүрний дунд хавчуулагдаж, гоеполитик болоод эдийн засгийн хувьд хоёр хөршөөсөө хамааралтай явж ирсэн жижиг орныг “Монгол Улсад ч гэсэн өөрийн гэсэн ашиг сонирхол бий шүү” хэмээн чангаар хэлж чадсан анхны төрийн тэргүүн гэвэл магадгүй, сүүлийн хорин жилд Ц.Элбэгдоржийг нэрлэх байх. Хорин жилийн өмнө Монголд өрнөж, монголчуудыг дэлхийтэй нэг хэлээр ярихад хүргэсэн ардчилсан хувьсгалын удирдагчдын нэг төдийгүй эдийн засгийг либералчлах бодлого, барууны боловсрол, улстөрч хүнд хамгийн чухалд тооцогдох илтгэгчийн чадвар зэрэг хувь хүний фактор нь ч гэсэн түүнийг дэлхийн бусад орны удирдагчдын анхааралд өртөхөд хүргэсэн билээ. Одоо бол тэр бүс нутгийн хэмжээнд төдийгүй дэлхийд хүлээн зөвшөөрөгдсөн лидер. Тиймээс ноён Ц.Элбэгдоржийн илэрхийлэх байр суурь үндэсний цөөнхөөс гадна гадаадын их гүрнүүдийн анхаарлыг татаж буй.
Энд сануулахад, Хятад, Казахстан хоёр 1700 км урт зурвасаар хиллэдэг. Энэ хоёр улсын нутаг дэвсгэр дээгүүр дамжсан төмөр замын шугам хэдийнэ тавигдаад эхэлсэн. Бүс нутгийн худалдаа, эдийн засгийн харилцааг шинэ төвшинд гаргах дэд бүтцийн сүлжээ Монголын уудам нутаг дэвсгэрийг тойрох, дайрах эсэх нь бидний хичээл зүтгэлээс хамаарах биз ээ. БРИКС, Шанхайн хамтын ажиллагааны байгууллага зэрэг дэлхийн тавцанд хүч, нөлөөгөө улам нэмэгдүүлж байгаа бүс нутгийн хэмжээний механизмыг бидний хоёр хөрш байгуулж чадсан. Одоо дараагийн алхмаа хийх гэж байна. Бид үлдэх үү, нүүх үү?