Шүлхийтэй тэмцэхэд Аргентинтай хамтарна

Хуучирсан мэдээ: 2013.09.10-нд нийтлэгдсэн

Шүлхийтэй тэмцэхэд Аргентинтай хамтарна

Үйлдвэр, хөдөө аж ахуйн сайд Х.Баттулга Аргентин улсын Элчин сайд Густаво Альбертог өнөөдөр хүлээн авч уулзаж, хоёр орны цаашдын хамтын ажиллагааны талаар санал бодлоо солилцжээ. Уулзалтын эхэнд түүнийг Монгол Улсын Ерөнхийлөгчид итгэмжлэх жуух бичгээ өргөн барьсанд баяр хүргээд ноён Элчин сайд Густаво Альбертог ажиллах үед манай хоёр орны хамтын ажиллагаанд ихээхэн ахиц дэвшил гарна гэж найдаж байгаагаа Х.Баттулга сайд илэрхийлсэн байна.

Аргентин улс хөдөө аж ахуйн салбартаа түшиглэн хөгжиж ирснээрээ манай улстай төстэй, мөн малын шүлхий өвчинтэй тэмцэх технологи нь олон улсад үнэлэгддэг онцлогтой юм. Аргентин Улсын Элчин сайд уулзалтын үеэр өөрийн орныхоо энэ технологийг БНХАУ-д нэвтрүүлж, шүлхийн вакцин үйлдвэрлэх гэж байгаагаа дуулгаад, Монгол Улстай энэ чиглэлээр хамтран ажиллах тодорхой санал тавьсан юм. Аргентин улсын хувьд шүлхийн вакцинтай, вакцингүй чөлөөт бүс гэж байдаг тухайгаа Элчин сайд нь дурдлаа. Цаашид манай улсад байгаа цорын ганц малын эм бэлдмэл үйлдвэрлэх зориулалттай Биокомбинатад тус улсын энэ туршлагыг нэвтрүүлэх боломжийг анхаарч судлах, Аргентин улсын энэ чиглэлийн үйлдвэрлэл компаниудтай харилцаа холбоо тогтооход анхаарч ажиллахаар боллоо.

ҮХАА-н сайд Х.Баттулга Бразил улсын элчин сайд Валдемар Карнейро Леао Неног мөн өнөөдөр хүлээн авч уулзаж, цаашид хоёр орны хөдөө аж ахуйн салбарын хамтын ажиллагааг эрчимжүүлэхээр ярилцлаа.

Д.ЦЭЦ

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж