
Өдгөө 73 настай Хуссейн долдугаар сарын 30-нд Пакистаны ерөнхийлөгчөөр сонгогдсон юм. Тус орны Үндсэн хуулийн дагуу парламентын хоёр танхимаас гадна бүх мужуудын ассамблейн гишүүд ерөнхийлөгчөө сонгодог аж.
Хуссейны төлөө 432 депутат, ассамблейн гишүүд санал өгсөн байв. Түүний цорын ганц өрсөлдөгч "Пакистан Техрик-е-Инсаф" ("Шударга ёсны төлөө хөдөлгөөн") сөрөг намын нэр дэвшигч Вахиуддин Ахмедын төлөө 77 депутат санал өгөв. Эрх баригч байсан Пакистаны ардын нам өөрийн нэр дэвшигчийг дэвшүүлээгүй байв. Хусейн ялна гэдэгт хэн ч эргэлзээгүй. Түүний Пакистаны мусульманы лиг нам өнгөрсөн тавдугаар сарын сонгуульд ялсан байлаа.
Мамнун Хуссейн 1940 оны гуравдугаар сарын 2-нд өнөөгийн Энэтхэгийн нутаг дэвсгэрт байдаг Агра хотноо үйлдвэрийн эзний гэрт төржээ. Тэдний гэр бүл Пакистан улс үндэслэгдсэний дараа 1947 онд өмнөд Пакистаны Синд мужийн нийслэл Карачи хотод шилжин суурьшжээ. 1965 онд тэрээр ажил хэрэгч засгийн салбарын маигистр болсон байв. 1970 онд ПМЛН-д элссэн байв. 1999 оны зургадугаар сард тэрээр Синд мужийн захирагч болов. Гэхдээ генерал Мушаррафын зохион байгуулсан цэргийн эргэлтийн дараа уг тушаалаа орхисон юм. Харин тэрээр цэргийн дэглэмийн үеэр намаа орхисон бусад хүмүүсийг дагалдаагүй ямагт Шарифтай хамт байжээ. Шарифийг хөөгдөн Саудын Арабт амьдарч байхад нь ч хамт байлаа. Хуссейн Карачи хотод амьдарч нэхмэлийн бизнес эрхэлдэг.
Одоо тэрбээр авлига, санхүүгийн хямрал, шашин хоорондын сөргөлдөөн, цахилгаан эрчим хүчний дутагдал, терроризм зэрэг олон хурц асуудлуудыг шийдэх ёстой болж байна.