Эль-Кувейтийн захирагчтай уулзлаа

Хуучирсан мэдээ: 2011.04.25-нд нийтлэгдсэн

Эль-Кувейтийн захирагчтай уулзлаа

Улаанбаатар хотын мэр Г.Мөнхбаяр Кувейт улсад энэ сарын 25-27-нд айлчилж байна. Хотын даргын айлчлал өнөө өглөө Кувейт хотын захирагч Шейх Али аль-Жабер аль-Ахмед аль-Сабахтай уулзсанаар эхэллээ. Улаанбаатар хотын захирагч Г.Мөнхбаяр хоёр хотын хамтын ажиллагааны эхлэл тавигдсанд баяртай байгаагаа илэрхийлээд, Улаанбаатар хотын хөгжил цэцэглэлтэд ихээхэн дэмжлэг болох 45 төсөлтэй ирснээ гардууллаа. Түүнчлэн ирэх тавдугаар сард Улаанбаатар хотод хөрөнгө оруулагчдын уулзалтыг зохион байгуулах гэж байгааг Г.Мөнхбаяр хэлээд, энэхүү уулзалтад Кувейтэд хотын төлөөлөгчид хүрэлцэн ирж, оролцоно гэдэгт итгэж буйгаа илэрхийлсэн байна. Харин Кувейт хотын захирагч Шейх Али аль-Жабер аль-Ахмед аль-Сабах тодорхой санал хөтөлбөрүүдээ бичгээр илгээхийг хүсэв. Улаанбаатар хотын захирагч, эрхэмсэг Шейх Али аль-Жабер аль-Ахмед аль-Сабахыг Улаанбаатарт дахин айлчлахыг мөн урьжээ.

Кувейт хотын захирагч өнгөрсөн 2010 оны есдүгээр сард Улаанбаатар хотын захирагч Г.Мөнхбаярын урилгаар анх удаа айлчилж, Улаанбаатар-Кувейт хотын хооронд хамтран ажиллах санамж бичигт гарыг үсэг зурсан юм.

Сонирхуулахад, Кувейт хот XVIII зууны эхэнд үүсгэн байгуулагдсан. Хотын анхны барилга байгууламж 1780-аад оноос баригдаж эхэлжээ. Тус хот нь сувд олборлох, загасчлах, усан онгоц, завь бүтээх төв гэдгээрээ булангийн орнуудад танигдсан бөгөөд 1930-аад онд Кувейтэд газрын тос илэрснээр олон улсын анхаарлыг татаж эхэлсэн байна. 1990 оны Иракийн түрэмгийллийн дараа нийслэл Эль-Кувейт хот болон эргэн тойрон байрлах газрын тосны орд газрууд сүйрч нурсан байдалтай байсан ч 1991 оноос Кувейтийн ард иргэд сэргээн босголтын ажил идэвхтэй хийж, өнөөгийн орчин үеийн бизнес төвийг бүтээн байгуулжээ.

Манай сэтгүүлч Эль-Кувейтээс мэдээллээ.

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж