Д.Дондог нарын хэргийг дахин шалгана

Хуучирсан мэдээ: 2013.09.10-нд нийтлэгдсэн

Д.Дондог нарын хэргийг дахин шалгана

Авлигад авсан их хэмжээний мөнгийг сонгуулийн сурталчилгаанд ашиглаж, УИХ-ын гишүүний сэнтийд заларсан гэх Д.Дондогийн хэргийг өнөөдөр давж заалдах шатны шүүхэд хянан хэлэлцлээ. Шүүх бүрэлдэхүүн хэргийг хянаад нэмэлт мөрдөн байцаалтад буцаах анхан шатны шүүхийн шийдвэрийг хэвээр үлдээв. Өөрөөр хэлбэл, Д.Дондог нарын хэргийг Улсын ерөнхий прокурорын дэргэдэх Мөрдөн байцаах газарт дахин шалгаж эхэлнэ гэсэн үг юм.

Д.Дондог нарын хэргийг өнгөрсөн хоёрдугаар сард Сүхбаатар дүүргийн шүүхэд дэнсэлж, нотлох баримт хангалтгүй, нэмж тодруулах зүйлс бий гэх шалтгаанаар Д.Дондог нарын 10 хүнд холбогдох хэргийг нэмэлт мөрдөн байцаалтад буцаагаад байсан. Ийнхүү Нийслэлийн шүүхээс анхан шатны шүүхийн шийдвэрт  эсэргүүцэл бичсэн улсын яллагчын хүсэлтийг хүлээн авахаас татгалзлаа.

 Мөрдөн байцаалтын явцад Д.Дондог нь өнгөрсөн 2008 оны хоёрдугаар сарын 8-нд өөрийн шадар туслах Г.Сайнбаяртай хамтран “Меридан” гэх компанид орон сууц барих газрын зөвшөөрөл гаргаж өгөх нэрийдлээр 242 мянган ам.доллар буюу 400 орчим сая төгрөг залилж, сонгуулийн сурталчилгаанд ашигласан гэдгийг тогтоогоод байгаа. Түүний залилангийн хэрэгт туслах Г.Сайнбаяр, А.Батбилэг, Л.Мөнхсайхан, А.Ариунболд, Д.Баасанхүү нарын 10 гаруй хүнийг холбогдуулан сэжигтнээр татан шалгаж байгаа билээ.

Д.ЖАРГАЛ

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж