
“Универсиад”-ын ариун галыг асаах ёслол өнөөдөр өглөө орон нутгийн цагаар 10.00 цагаас болж, таван өөр орны оюутан тамирчид наадмын галт бамбарыг асаажээ. Үүлэрхэг, бүрхэг өдөр байсан учир таван тивийг төлөөлсөн Хятад, Нигер, ОХУ, Австрали болон Бразилийн оюутан тамирчид 30 секунд гаруй хүлээсний эцэст галт бамбарыг асаасан байна. Ёслолын дараа Хятадын тамирчин Ли Луяа “Их сандарлаа. Бэлтгэлийн үеэр ердөө хоёр, гуравхан секундын дотор бамбар асч байсан. Гэтэл яг ёслолын үеэр 30 секунд хүлээсэн. Ямартай ч галт бамбар ассанд баяртай байна” хэмээжээ.
Шинжинийн “Универсиад” наадмын галт бамбар тавдугаар сарын 4-нөөс эхлэн Бээжингийн их сургуулиар дамжин аялсаар 10-ны өдөр Шинжинийн их сургуульд очно. Харин дараа нь 2010 оны Азийн наадам болсон Гуанжоу хотод очих ажээ. Улмаар дэлхийн оюутны спортын наадам эхлэхээс хоёр хоногийн өмнө буюу тавдугаар сарын 10, 11-нд Шинжинь хотоор аялж, тамирчдын тосгонд хүрэх ажээ.
С.Цэлмэг