
Валютын ханш огцом өссөнтэй холбоотойгоор нефть импортлогчид шатахууныхаа үнийг нэмэх хүсэлтээ Уул уурхайн яам болон Газрын тосны газар, ШӨХТГ-т тавиад байгаа гэнэ. Өнгөрсөн онд Засгийн газар, Монголбанк хамтран “Үнэ тогтворжуулах хөтөлбөр” гаргасны үр дүнд шатахууны үнэ одоогоор тогтвортой байгаа юм. Уул уурхайн яамнаас импортлогчдын тавьсан хүсэлтэд ямар нэгэн хариу өгөөгүй байгаа ажээ. Холбогдох байгууллагаас ямар нэгэн шийдвэр гараагүй байхад импортлогчид шатахууны үнийг дур мэдэн өсгөх боломжгүй гэдгийг ч Газрын тосны газраас дуулгалаа.
Н.ГЭРЭЛ