Өвөлжилтийн бэлтгэл хангагдаж байна уу?

Хуучирсан мэдээ: 2013.09.10-нд нийтлэгдсэн

Өвөлжилтийн бэлтгэл хангагдаж байна уу?

Аймаг орон нутгийн удирдах ажилтнуудаас өвөлжилтийн бэлтгэл хэрхэн хангагдаж байгаа талаар тодрууллаа. Өнөөдөр Архангай, Баянхонгор, Дархан-Уул, Дундговь аймгийн Засаг дарга нартай холбогдсон ба бусад аймгууд өвөлд бэлэн эсэх талаар үргэлжлүүлэн хүргэх болно.

Архангай аймгийн Засаг дарга Д.Бат-Эрдэнэ

Намар сайхан болж байна. Аймгийн хувьд өвөлжийн бэлтгэлдээ гарчихсан. Төмс, ургац хураалт эхэлчихсэн явж байна. Төлөвлөгөөний дагуу 80 сая төгрөгийн хадлан өвс нөөцөлж авч байна. Сумдууд төлөвлөгөөний дагуу бэлтгэл хийж байгаа.

Ер нь өвөл хатуухан болно гэсэн тооцоотойгоор бэлтгэлээ хангаж байна.  Халаалтын хувьд уурын зуухнууд засвар шинэчлэлээ хийгээд дуусчихсан.  Одоогоор хүндрэлтэй асуудал байхгүй байна.


Баянхонгор аймгийн засаг дарга Д.Жаргалсайхан

Өвөлжилтийн бэлтгэл ажлыг хувиар тооцвол 60-70 орчим хувьтай явж байна.  Аймгаас ажлын хэсэг гарчихсан бүхсумдуудад шалгалт хийж байна. Хадлангийн ажилдаа гарчихсан, өвс татах ажил хийгдэж байна. Одоогоор хүндрэлтэй зүйл гэвэл улсын төсвийн хөрөнгөөр баригдаж буй сургууль цэцэрлэгийн санхүүжилт бага зэрэг хүлээгдсэн байдалтай л байна даа.

Дархан-Уул аймгийн Засаг дарга С.Насанбат

Өвөлжитийн бэлтгэл 85 хувьтай байгаа. Бэлтгэлийг хангах ажлыг хэсгийг байгуулж, засаг даргын орлогч Баянмөнхөөр ахуулан ажиллаж байгаа. Энэ жилийн хувьд ургац сайн байгаа. Ноднингийн мөн үеэс га тутмаас 3,3 центр илүү ургац ухрааж авна. Нөгөөдөр аймгийн бүх газруудаар явж биечлэн шалгана.  Орхон аймгийн зарим газраар үерт автсан. Гэхдээ төлөвлөсөн ургацаа авна. Засгийн газраас өгсөн чиглэлийн дагуу ажиллаж байна.

Инженерийн байгууламжийн засварын ажил хийгдэж байгаа бөгөөд цэвэр усны шугам солих ажил удаашралтай байгаа. Шарын голын уурхай өнгөрөгч өдөр очиж ажилласан. Иргэдийн нүүрс хангалттай, уурхайн хувьд мөнгөө авч чадаагүй учраас хөрс хуулалт хийгдээгүй, уурхайн станцуудын хоорондын өр авлагын асуудлыг шийдчихвэл өөр хүндрэлтэй зүйл байхгүй дээ.

Дундговь аймгийн Засаг дарга С.Сүхбаатар

Бэлтгэл байдлыг хангах ажил төлөвлөгөөний дагуу явж байгаа. Өвөлжилтийн бэлтгэл жигд явж байна. Бүх сумдууд орон нутгийн хөгжлийн сангийн хөрөнгөөр өвсөө бэлтгэж байгаа. Энэ жилийн хувьд ногооны гарц сайн байна. Санаа зовох асуудал байхгүй байна.

Говьсүмбэр аймгийн Засаг дарга Л.Отгонжаргал

Ерөнхий сайдын өгсөн үүргийн дагуу бэлдэх ёстой өвс тэжээлийнхээ 70 хувийг бэлдчихсэн байгаа. Говьсүмбэр аймаг 220 мянган толгой малтай. 280 мянган тонн өвс бэлдэх ёстойгоос 200 аад тонныг бэлдчихсэн. Төвлөрсөн уурын зуухны засварын ажил үргэлжилж байна. Ямартаа ч өөрсдийн зүгээс шаардлагатай засварыг хийсэн. Нүүрсний үнэ нэмэгдэх гээд байгаа нь жаахан хүндрэлтэй байна. Өмнө нэг тонн нүүрсийг 15800 төгрөгөөр авдаг байсан бол одоо 21000 болох шинжтэй. Бусдаараа өвөлжилтийн бэлтгэлийн хувьд хүндрэлтэй зүйл алга.

Б.МАНД

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж