Зидан: Роналду эсвэл Рибери оны шилдэг болно

Хуучирсан мэдээ: 2013.09.09-нд нийтлэгдсэн

Зидан: Роналду эсвэл Рибери оны шилдэг болно

Дэлхийн шилдэг хөлбөмбөгчний алдрыг гурван удаа хүртэж байсан Францын “домог” Зинедин Зидан 2013 оны “Алтан бөмбөрцөг”-ийн шагналын эзнээр Криштиан Роналду болон Франк Рибери хоёрын аль нэг хүртэх ёстой гэжээ. 1998, 2000, 2003 оны дэлхийн шилдэг хөлбөмбөгч Зинедин Зидан одоо Испанийн “Реал Мадрид” багийн Спортын албаны даргаар ажиллаж байгаа юм. Мөн Роналду болон Рибери нарын хамгийн хүчтэй өрсөлдөгчөөр Лионель Месси байх болно гэдгийг Зидан сэтгүүлчдэд онцлон хэлсэн байна.

Францын шигшээ болон Германы “Байерн Мюнхен” багийн жигүүрийн хагас хамгаалагч Франк Рибери 2013 оны европийн шилдэг хөлбөмбөгчийн шагналыг хүртээд буй юм. Рибери энэ жилийн “Ballon D’or” буюу “Алтан бөмбөрцөг”-ийн шагналыг хүртэх магадлалтай байна. Рибери өнгөрсөн жил “Байерн Мюнхен” багийг Германы “Бундеслиг”, UEFA-ийн “Аваргуудын лиг”, Европийн супер цом зэрэг оролцсон бүхий л тэмцээндээ түрүүлэхэд чухал үүрэг гүйцэтгэсэн.

Харин Криштиан Роналдугийн хувьд өнгөрсөн жил Португалийн шигшээдээ сайн тоглосон ч Испанийн “Реал Мадрид” багийнхаа хамт томоохон уралдаан тэмцээнүүдэд түрүүлж чадаагүй. Гэсэн ч Роналду энэ цагийн хамгийн шилдэг хөлбөмбөгч мөн үү гэвэл мөн.

Сүүлийн дөрвөн жилийн дэлхийн шилдэг хөлбөмбөгчийг алдрыг хүртсэн Аргентиний Лионель Мессигийн хувьд өнгөрсөн улирлын төгсгөлд бэртэл авснаар гайхамшигтай цувралаа зогсооход хүрсэн. Гэсэн ч Месси өнгөрсөн улиралд “Барселона” багийнхаа хамт Испанийн “Ла лиг”, “Супер цом”-д түрүүлж, мэргэн бууч нь болсон. Месси бол энэ цагийн хамгийн агуу хөлбөмбөгч билээ.

Оны шилдэг хөлбөмбөгчийг Олон Улсын хөлбөмбөгийн холбоонд /FIFA/ бүртгэлтэй улсуудын хөлбөмбөгийн шигшээ багийн дасгалжуулагч, холбооны ерөнхийлөгчийн саналаар тодруулна.

Б.БИЛЭГ

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж