
Сири улсын ерөнхийлөгч Башар аль Ассад PBS-д өгсөн ярилцлагадаа “НҮБ ямар ч химийн зэвсэг илрүүлээгүй” гэж мэдэгджээ. “Бид ард иргэдийнхээ өмнөөс химийн зэвсэг хэрэглэ гэсэн шийдвэрийг яагаад ч гаргаж чадахгүй. Хэрвээ АНУ-ын бодоод байгаа шиг шийдвэр гаргасан бол аль хэдийнэ манай улсад болж байгаа иргэний дайн хурцдах байсан юм шүү. НҮБ-ын шинжилгээгээр ерөөсөө химийн зэвсэг, химийн хорт бодис илрээгүй. Манайд ирсэн мэдээлэл ийм байна. Харин НҮБ одоо болтол яагаад энэ тайлангаа гаргахгүй байгаа юм бэ гэдэг өөрөө их сонин асуудал” гэж Башар А.Ассад ярьжээ. АНУ-ын зүгээс өнгөрсөн наймдугаар сарын 21-ний өдөр Ассадын засаг захиргаа хорт утаагаар дайрч 1429 хүний аминд хүрсэн гэж мэдэгдсэн юм. АНУ-ын тагнуулын байгууллагууд Сирий хэд, хэдэн хотод химийн зэвсэгээр дайралт хийснийг нотолж байгаа билээ. НҮБ-ын шинжээчид одоогоос хоёр долоо хоногийн өмнө гарсан ч шинжилгээний тайлангаа одоо хүртэл гаргахгүй байгаа билээ. АНУ-ын төрийн нарийн бичгийн дарга Жон Керри: “Ассад өөрийнхөө байр суурийг их өнгөц аргаар хамгаалаад байх шиг байна. Ард түмэн рүүгээ буу шагайна гэдэг бол яав ч сайн удирдагчийн үйлдэл биш. Бид үүнийг баримттайгаар хэлж байгаа” гэж NBC сувагт ярьжээ. Одоогоор АНУ-ын Сири рүү дайрах цэргийн ажиллагааг Дани, Албани, Польш, Япон, Франц улсууд дэмжинэ гэдгээ мэдэгдээд байгаа. Харин Их Британийн зүгээс цэргийн ажиллагаанд оролцох эсэхээ эцэслэн шийдээгүй байгаа ч 52 сая фунтын тусламж үзүүлэхэд бэлэн буйгаа зарлаад байгаа юм.
Б.СҮХ