Фабио Каннаваро Монголд зочиллоо

Хуучирсан мэдээ: 2013.09.09-нд нийтлэгдсэн

Фабио Каннаваро Монголд зочиллоо

Гудамжны хөлбөмбөгийн “Tiger Street Football 2013” олон улсын тэмцээний албан ёсны элч төлөөлөгч, 2006 оны дэлхийн шилдэг хөлбөмбөгч Фабио Каннаваро Улаанбаатар хотод өнгөрсөн амралтын өдрүүдэд зочиллоо.

2006 оны хөлбөмбөгийн ДАШТ-д Италийн шигшээ багийг ахлан, аварга болсон Фабио Каннаваро Монголын үзэгч фэнүүдтэйгээ уулзаж,  зургаа авахуулан, гарын үсгээ дурсган, 2013 оны “Tiger Street Football” тэмцээнд оролцогч багуудад заавар зөвлөгөө өгөн, Монголд саатсан юм. Фабио Каннаварогийн Улаанбаатар дахь аялал нь “Tiger Street Football 2013” тэмцээнийг дэлхийн спортын томоохон сувгуудын нэг “Fox Sports” телевизийнхэн сурвалжлахаар ирсэнтэй холбоотой юм.

Италийн алдарт хөлбөмбөгч, төвийн хамгаалагч Фабио Каннаваро цаг үеийнхээ хамгийн шилдэг хамгаалагчдын нэгд зүй ёсоор тооцогддог. Тэрээр 2006 оны ДАШТ-д Италийн багийн хамгаалалтад Алессандра Нестатай хослон тоглож, цорын ганц гоол алдсан юм. Түүний энэхүү бахдам амжилт 2006 оны дэлхийн шилдэг хөлбөмбөгч “Алтан бөмбөрцөг”-ийн эзэн болсноор баталгаажсан юм. Фабио Каннаваро сүүлийн 15 жилийн турш Италиас төрсөн цорын ганц дэлхийн шилдэг хөлбөмбөгч юм. “Tiger Street Football 2013” тэмцээнийг Нийслэлийн засаг дарга бөгөөд Улаанбаатар хотын захирагчийн ивээл дор Нийслэлийн биеийн тамир спортын газар хамтран зохион байгуулсан байна.

Гудамжны хөл бөмбөгийн төрөл нь “5 vs 5” тоглогч торон дотор зургаан минутын турш хоёр үеэр тоглодог. Дэлхийд хөгжиж буй энэхүү тэмцээн нь Монгол улсад хоёр дахь жилдээ зохион байгуулагдаж байна, Энэ жилийн тэмцээн Авсрали, Камбож, Малайз, Монгол, Хятад, Сингапур, Вьетнам зэрэг долоон улс орнуудад цувралаар зохион байгуулагдаж байгаа.

Б.БИЛЭГ

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж