
Андын нуруунд өнгөрсөн тавдугаар сард төөрч, сураггүй болсон Уругвай улсын иргэн 58 настай Раул Фернандо Гомез гэгчийг Аргентины албаныхан өчигдөр эсэн мэнд олж, аварчээ. Аргентины Сан Хуан мужийн албаныхны мэдээлснээр Андын нуруун дахь цасны зузааны судалгаа хийж явсан албаныхан далайн түвшнээс дээш 2840 метрийн өндөрт орших ууланд байрлах хорогдох байрнаас Раул Фернандо Гомезыг олж аварсан байна. Тэрээр Андын нуруугаар дамжин Чили улсаас Аргентинийг зорьж явах замдаа мотоцикл нь эвдэрснээс явганаар цаст өндөр уулуудыг давж явсан аж. Раул Фернандо Гомез өнгөрсөн дөрвөн сарын хугацаанд Андын нуруун дахь хахир хатуу цаг агаарт амьд үлдэхийн тулд харх, сахар, усан үзмээр хооллож байсан ба өнгөрсөн хугацаанд 20 кг жин хаяж, турсан гэнэ. Одоогоор түүнийг Аргентины Сан Хуан мужийн эмнэлэгт хүргэн нөхөн сэргээх эмчилгээ хийж байгаа аж.
Үүнээс өмнө 1972 онд Чилийг зорьж явсан Уругвайн регбийн багийнхний онгоц Андын нуруунд осолдсоны улмаас эсэн мэнд аврагдсан хүмүүс нь амьд үлдэхийн тулд нас барагсдынхаа цогцосыг идэж байсан аймшигт түүх байдаг аж.
Б.АНХТУЯА