Дундговь аймгийн нутаг дэвсгэрийн 16,7 хувьд ашигт малтмалын хайгуулийн болон ашиглалтын лиценз олгогдсон бөгөөд одоогоор Оюут-Овоо, Төмөрт, Хараат дахь гадаадын хөрөнгө оруулалттай компаниуд төмөр, цайрын баяжуулах үйлдвэрээ барьж байгаа бөгөөд энэ гурван үйлдвэр тус аймгийн нутгаар 265 км замаар баяжмал болон хүдрээ тээвэрлэх юм. Иймд уурхай ажиллуулж байгаа компаний захирлуудтай тодорхой болзол бүхий гэрээ байгуулахаа Дундговь аймгийн Засаг дарга Д.Чандмань мэдэгдээд байна.
Саяхан энэ ажлын эхлэл болгон Говь-Угтаал сумын нутаг Төмөрт дахь Хятадын 100 хувийн хөрөнгө оруулалттай “Мин хо да” компанитай байгуулсан гэрээнд 40 га газрыг нөхөн сэргээх, талбайн 70 хувьд говийн мод бут тарьж ойжуулах, дээрх 265 км замаас 40 км- хатуу хучилттай замыг барьж байгуулах, энэ замаа тавьж дууссан цагт тээвэрлэлтээ эхлэх зөвшөөрөл олгох зэрэг болзлыг тусгажээ. Нөгөө хоёр компанийн удирдлагуудтай мөн энэ маягаар гэрээ байгуулах гэнэ.
С.Пүрэвсүрэн