
Их 20-ийн уулзалтад оролцох үеэрээ хоёр Ерөнхийлөгч Сирийн асуудлаар өөр өөрсдийн байр суурийг илэрхийлж, улс орнуудыг талцуулснаас нь ийн дүгнэж болохоор байна.
Дэлхийн эдийн засгийн 90 хувийг дангаараа бүрдүүлдэг 20 орны төр, засгийн тэргүүн нар өнгөрсөн амралтын өдрүүдэд Санкг-Петербург хотод цуглаж, дээд хэмжээний уулзалт хийсэн юм. Энэ үеэр олон улсын санхүү, эдийн засгийн нөхцөл байдал, үндэсэн дамнасан корпорациуд хэрхэн татвараас зайлсхийж байгаа зэргийг ярилцахаар төлөвлөсөн.
Гэвч Сири рүү цэргээ оруулах Б.Обамагийн шийдвэр илүү их сонирхол татаж байв. Уулзалтын эцэсг В.Путин өөрийгөө ялсанд тооцсон бол Б.Обама байр суурийг нь дэмжих хүмүүс олон байсан тухай ярьжээ.
Их 20-ийн төр, засгийн тэргүүн нар оройн зоог барих үеэрээ Сирийн асуудлыг хэлэлцсэн. Тэр үед Сири рүү цэргийн хүчээр довтлохыг эсэргүүцсэн В.Путины саналыг Хятад, Энэтхэг, Индонез, Аргентин, Бразиль, Өмнөд Африк, Италийн эрх баригчид дэмжжээ. Харин Б.Обамаг Франц, Турк, Канад, Саудын Арабын тал дэмжсэн байна. Их Британийн Ерөнхий сайд Дэвид Кэмерон хэдийгээр АНУ-ын талд байгаа ч түүнийг парламент нь дэмжээгүй учир ямар ч үр ашиггүй юм. Их 20-ийн уулзалтын үеэр Б.Обама "Би дайныг эхлүүлэхийн тулд биш, харин төгсгөхийн тулд сонгогдсон.
Гэхдээ Сирийн нөхцөл байдал олон улсын хэм хэмжээнд нийцэж байна гэж үү" хэмээн ярьжээ. Түүнийхээр бол Сирийн дайныг төгсгөх хүн нь Б.Обама бололтой. Өнгөрсөн сард Сирийн эрх баригчид босогчдыг дарахын тулд химийн зэвсэг хэрэглэж, олон хуний аминд хүрсэн хэмээн АНУ-ын Ерөнхийлөгч буруутгаж байгаа. Харин түүнийг В.Путин эсэргүүцэж, "Их 20-ийн орнууд Сирийг хамгаалах ёстой" гэсэн юм. Сирийн
Ерөнхийлөгч Башар ал Ассад химийн зэвсэг хэрэглэсэн гэх ямар ч нотолгоо байхгүй гэж тэрбээр үзэж байгаа юм.
Харин уулзалтын эцэсг Барак Обама Их 20-ийн орнуудын дийлэнх нь өөрийг нь дэмжиж байгаа хэмээн зарлаж, гарын үсэг бүхий хамтарсан мэдэгдлийг үзүүлжээ. Уг мэдэгдэлд Сирийн Засгийн газар олон улсын хэм хэмжээг зөрчиж, химийн зэвсэг хэрэглэсэн, тиймээс буруутай бөгөөд олон улсын зүгээс хариу цохилт өгөх ёстой гэдгийг онцолсон байна. Харин үүн дээр 11 орны төр, засгийн тэргүүн нар гарын үсэг зуржээ. Тэдгээр нь АНУ-ыг дэмжигч гүрнүүд байв.
Тухайлбал, Азиас Япон, Өмнөд Солонгос, исламын орнуудаас Турк, Саудын Араб, Европоос Итали, Испани байна. Харин Германы Канцлер Ангела Меркель Б.Обамаг дэмжиж гарын үсэг зурсангүй. Германд удахгүй парламентын сонгууль болох учир ард түмний дэмжлэгийг алдахгүйн тулд А.Меркель ийм шийдвэр гаргасан бололтой. Дашрамд дурьдахад, АНУ-ын Сенат есдүгээр сарын 11-нд хуралдах үедээ Б.Обамаг дэмжих эсэхээ шийдэж, санал өгөх юм. Б.Обама улсгөрчдийнхөө дунд хүчтэй лобби явуулсны үр дүнд түүнийг дэмжигсдийн тоо нэмэгдсээр байгаа.
Тиймээс Сенат Сири рүү довтлох саналыг дэмжих нь гарцаагүй гэж ажиглагчид үзэж байна. Тэгэхээр Их 20-ийн орнууд ч Б.Обамагийн шийдвэрийг өөрчилж чадахгүй бололтой. Харин Хятадын Ерөнхийлөгч Ши Жинпиний хувьд Б.Обамаг цэргийн ажиллагаагаа зогсоохыг шаардсан байна. НҮБ-ын Ерөнхий нарийн бичгийн дарга Бан Ги Мүн Б.Обамагийн саналыг НҮБ-ын Аюулгүйн зөвлөл дэмжээгүй гэдгийг анхааруулсан юм.
АНУ, Оросын Төрийн тэргүүн нар их 20-ийн дээд хэмжээний уулзалтын үеэр хоорондоо ямархуу харилцаатай байх вэ гэдэг нь нэлээд анхаарал татсан. Учир нь Америкийн тусгай албаныхны нууц мэдээллийг олон нийтэд цацсан Эдвард Сноуденд В.Путин Орост цагаачлах эрх өгсөн юм. Тухайн үед Б.Обама үүнд дургүйцэж байгаагаа илэрхийлж, их 20-ийн уулзалтын үеэр В.Путинтэй уулзахаар товлосныгоо өөрчилсөн билээ.
Түүнээс хойш хоёр их гүрний Төрийн тэргүүн нар хэзээ уулзах нь тодорхойгүй байсан юм. Гэтэл Э.Сноуденээс гадна Сирийн асуудлаар хоёр тал эрс тэс байр суурийг илэрхийлсэн нь "Дайран дээр давс" гээч нь болов. Их 20-ийн уулзалтын үеэр Б.Обама болон В.Пугин нар тусгайлан 20 минутын турш уулзсан. Харин үүний дараа В.Пугин "Бид бие биенээ сонсож, ойлгож байсан. Гэхдээ бид санал нэгдээгүй. Би түүний байр суурийг хүлээн зөвшөөрөөгүй. Тэр ч бас намайг дэмжээгүй" хэмээн мэдэгдсэн байна.
Их 20-ийн уулзалтад оролцогчид оройн зоог барих үеэр В.Путин, Б.Обама хоёр нөхцөл байдлыг хурцатгахаас аль болох зайлсхийхийг хичээж байгаа нь харагдсан хэмээн "Huffington Post" сонинд бичжээ. Түүнээс гадна тэдний уулзалтын үеэр Б.Обама Э.Сноуденг Оросоос гаргах эсэх талаар огт дурсаагүй байна.
Одоогоос дөрвөн жилийн өмнө үүссэн санхүүгийн хямралын үед зах зээл нь хурдацтай тэлсэн БРИКС-ийн орнууд болон хөгжингүй улсууд хамтран ажиллаж чадаагүй. Энэ нь олон улсын санхүүгийн зах зээлийг улам дордуулсан хэмээн Их 20-ийн уулзалтын үеэр үзжээ.
Тиймээс одоо Орос, Хятад, Энэтхэг, Өмнөд Африк, Бразиль хэмээх таван орон хамтарч гадаад валютын санд 100 тэрбум ам.долларын хөрөнгө оруулалт хийхээр болсон байна. Үүний ачаар тэд болзошгүй хямралаас урьдчилан сэргийлж чадах гэнэ. Ингэх болсон нь шалтгаантай. АНУ-ын төв банк болох Холбооны нөөцийн сан Засгийн газруудын бондыг худалдан авч буйгаа зогсоох төлөвлөгөөтэй байгаа. Гэтэл энэ нь Европ төдийгүй БРИКС-ийн орнуудын эдийн засагт сөргөөр нөлөөлөх бололтой. Тиймээс дээрх хөрөнгө оруулалтыг хийхээр болжээ.
Их 20-ийн уулзалтаар хэлэлцсэн өөр нэг асуудал нь татвар. Үндэстэн дамнасан корпорациуд татвараас зайлсхийхийн тулд олон оронд салбараа байгуулж, түүгээрээ дамжуулан санхуүгийн тайлангаа нууцалдаг. Энэ хэрэгт "Apple", "Amazon.com Inc" "Google", "Майкрософт" зэрэг олон компани холбогдсон. Цаашид ийм байдал давтагдахаас сэргийлж Их 20-ийн орнууд 2015 он гэхэд татварын мэдээллээ бие, биетэйгээ хуваалцах боломжтой системийг байгуулахаар болжээ. Одоогийн байдлаар үүнийг дэмжиж 50 гаруй орны төлөөлөгчид гарын үсэг зурсан. Гэхдээ хөгжингүй орнуудаас цөөнгүй нь дэмжээгүй байсан юм.
Эх сурвалж: "УЛС ТӨРИЙН ТОЙМ" сонин
