
Ам.долларын ханшны өсөлтөд Засгийн газрыг буруутган “Май Ерөнхий сайд аа, УИХ, Засгийн газрын гишүүдээ ажлаа хий” хэмээн хашгиран таван зэрэг салаавч бултайлгасан явдал юугаар төгсөх бол. Тэгж яривал Ц.Шинэбаяр чинь хүндэтгэн үзэх шалтгаантай, хоолой нь өвдсөн учраас “нүдээ бүлтийлгэж байгаад л чимээгүйхэн” салаавч гаргасан. Гэтэл үүний хажууд энэ тавд хоолойны асуудал байхгүй, эсэргүүцлээ өөрөөр илэрхийлэх бүрэн боломжтой байсаар атал “бүлэглэн салаавч гаргасан” явдал нь бараг хүндрүүлэх бүрэлдэхүүнтэй гэж таамаглах нэгэн ч байна.
Бүр зарим нэгэн нь ер нь салаавч гаргахтай холбоотой тодорхой зүйл ангитай хууль хэрэгтэй болсон талаар ч яриад эхлэв. Энэ мэт утгагүй үйлдэл араасаа утгагүй үгсийг дагуулснаас хэтэрсэнгүй. Хэдэн нөхөр салаавч гаргаад ямар нэг асуудлыг шийдчихдэг юм бол даяар олноороо салаавч бултайлгацгаая.

“Хүн хэлээрээ мал хөлөөрөө” гэх үг бий. Үнэхээр асуудлыг шийдье гэвэл гар хөлөө гозолзуулж байхаар явж эдийн засгийн хүндрэлээс зайлсхийх өөрсдийн арга шийдлээ боловсруулаад, эрх баригчдад түүнийгээ гарч ирж аваач гэж ордны гаднаас хашгирцгаавал олон хүн дэмжинэ. Гараа биш толгойгоо ажиллуулбал бүгд дэмжинэ. Хуруугаа бултайлгахаас өөрийг чадахгүй бол явж таван гар мушик тоглоод чимээгүй сууцгааж байвал, арай дээр мэт.