
133 дахь жилдээ зохион байгуулагдаж буй “Америкийн нээлттэй тэмцээн” өнгөрөгч наймдугаар сарын 26-нд Нью-Йорк хотын Артур Эшийн кортод эхэлсэн бөгөөд өчигдөр эмэгтэйчүүдийн ганцаарчилсан төрлийн шигшээ тоглолт болж, Серена Уильямс ялалт байгууллаа.
Шигшээ тоглолтод Серена 7:5, 6:7, 6:1-ийн харьцаагаар Азаренкаг буулган авснаар тус тэмцээний тав дахь, нийт "Их дуулга"-ын 17 дахь түрүүгээ хүртлээ. Серена энэ жилийн дөрвөн “Их дуулга”-ын хоёрт нь (“Францын нээлттэй тэмцээн”, “Америкийн нээлттэй тэмцээн”) түрүүлж, аварга цолоо хамгаалж үлдлээ.
"Австралийн нээлттэй тэмцээн"-нд хоёр жил (2012, 2013) дараалан түрүүлсэн Азаренка сүүлийн хоёр жил "Америкийн нээлттэй тэмцээн"-ий шигшээд шалгарсан ч Серена Уильямст ялагдлаа.
Энэ жилийн "Америкийн нээлттэй тэмцээн"-ий шагналын сан 34.3 сая
ам.долларт багтаж байгаагаас Серена Уильямс 2,6 сая ам.доллар, чансааны 2000 оноо, дэд аварга Азаренка 1,3
сая ам.долларын шагнал хүртэж, чансааны 1400 оноо хүртэж байна.
Эрэгтэйчүүдийн шигшээ тоглолтод Cербийн Новак Жокович (1), Испаний Рафаэль Надаль (2) нар шалгараад байгаа бөгөөд тэдний тоглолт даваа гаригийн шөнө болно.
Испаний Рафаэль Надаль "Их дуулга"-ын 12 түрүү хүртсэнээс 2010 онд "US OPEN"-нд түрүүлж, 2011 онд дэд аваргаар шалгарч байжээ.
Өдгөө дэлхийн манлай теннисчин хэргэмийг эзэмшиж буй Сербийн Новак Жокович "Их дуулга"-ын зургаан түрүү хүртээд байгаагаас 2011 онд "US OPEN"-нд түрүүлжээ. Дэлхийн тэргүүн теннисчиний хувьд өнгөрсөн жил тус тэмцээний шигшээд шалгарахдаа Их Британы Энди Маррейд ялагдаж байсан. Харин Жокович энэ жил "Австралийн нээлттэй тэмцээн"-нд түрүүлж, "Уимблдон"-ы шигшээд шалгараад байгаа.