
Их номч Брагри ёнзон Ц.Дамцагдоржийн мэндэлсний 230 жилийн ойд зориулан Дундговь аймгийн С.Буяннэмэхийн нэрэмжит төв номын сан, аймгийн ахмадын хорооноос “Гэтэлгэгч багш буюу Билгийн гэгээ” эрдэм шинжилгээний бага хурлыг Мандалговь хотноо зохион байгууллаа. Бага хуралд зохиолч Х.Шонхор, Монгол улсын гавьяат багш З.Цэвээнравдан, багш Т.Мөнхбат, Н.Мөнхцэцэг, номын санч Ч.Түмэннаст нар илтгэл тавилаа. Илтгэлүүдтэй холбогдуулан Дундговь аймгийн Засаг дарга, доктор Д.Чандмань дэлгэрэнгүй үг хэлж их номч эрдэмтний хойт дүрийг гурван удаа тодруулсан бөгөөд одоо дөрөв дэх дүрийг тодруулах асуудлыг есдүгээр Богдод айлтгаад байгааг онцолж байв. Далай лам өөрийн багшаа гэж хүндэтгэдэг энэхүү их номч эрдэмтэн Брагри ёнзон Дамцагдорж нь Сайхан-Овоо сумын нутаг дахь Онгийн хийдийг байгуулсан, Бүддийн гүн ухаанд үеийн үед гайхагдах гавьяа байгуулсан хүн гэж үздэг аж. Иймд уулын энгэр өгсүүлэн уран барилгын гайхамшигт ур ухаанаар бүтсэн Онгийн хийдийг унаган төрхөөр нь сэргээн барьж байгуулан оюуны их төв болгох нь энэ суу билэгтний алдар нэрийг мөнхжүүлэх, Бүддийн гүн ухааныг шинжлэн судлах буянтай үйлс болох юм гэсэн саналыг илтгэгчид онцолж байлаа.
С.Пүрэвсүрэн