Тони Блэйр Монголд айлчилж байна

Хуучирсан мэдээ: 2013.09.08-нд нийтлэгдсэн

Тони Блэйр Монголд айлчилж байна

Монголын Засгийн газрын урилгаар Их Британийн ерөнхий сайд асан Тони Блэйр Улаанбаатар хотноо айлчилж байна. Монгол Улсын Засгийн газар Тони Блэйрийн үүсгэн байгуулсан “Тони Блэйр сан”-тай таван төсөл дээр хамтран ажиллахаар нэг жилийн гэрээ байгуулсны дагуу төсөл хэрхэн хэрэгжиж байгаатай биечлэн танилцахаар тэрээр хүрэлцэн ирсэн нь энэ юм.

Монголын Засгийн газраас тус сантай боловсрол, эрүүл мэнд, ажлын байр, гадаадын хөрөнгө оруулалтыг нэмэгдүүлэхэд хууль зүйн зөвлөгөө авах, моргейжийн зээлийг дэмжих  зэрэг чиглэлд хамтран ажиллаж эхлээд байгаа юм.

Айлчлалын хүрээнд Их Британийн Ерөнхий сайд асан Тони Блэйр Засгийн газрын гишүүдээс гадна УИХ дахь МАН-ын бүлгийн дарга Н.Энхболдтой уулзаж ярилцсан гэх мэдээлэл байна. Ингэхдээ, УИХ дахь МАН-ын бүлгийн даргатай уулзах саналыг ноён Тони Блэйр
өөрөө тавьсан гэдгийг УИХ дахь МАН-ын бүлгийн ажлын албанаас
тодотгов.

“Тони Блэйр сан” нь өмнөх Засгийн газар буюу Ерөнхий сайд С.Батболдын үед Монголын Засгийн газарт хамтран ажиллах санал тавьж байсан бөгөөд өдгөө тус сангийн гурван төлөөлөгч Монголд ажиллаж байгаа юм.  Тони Блейр есдүгээр сарын 7-8-нд буюу энэ амралтын өдрүүдэд манай улсад айлчилж байгаа аж.

Г.ДАРЬ

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж